ХАРЪЯА СУМДЫН ЭРҮҮГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ СУДАЛЖЭЭ

A- A A+
ХАРЪЯА СУМДЫН ЭРҮҮГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ СУДАЛЖЭЭ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь
Сум дундын прокурорын газраас харъяалан ажилладаг сумдын нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн эрүүгийн нөхцөл байдлыг 2016 оны эхний хагас жилийн байдлаар судалжээ.
Энэ хугацаанд нийт 120 гэмт хэрэг үйлдэгдсэн ба гэмт хэрэг үйлдэгдсэн газар, нутаг дэвсгэрийн харъяаллаар нь авч үзвэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд 3 хэрэг буюу 2.5 хувь нь, Хархорин суманд 43 хэрэг буюу 35.8 хувь нь, Бат-Өлзий суманд 17 хэрэг буюу 14.2 хувь нь, Хужирт суманд 18 хэрэг буюу 15 хувь нь, Есөнзүйл суманд 4 хэрэг буюу 3,3 хувь нь, Бүрд суманд 2 хэрэг буюу 1.7 хувь нь, Өлзийт суманд 6 хэрэг буюу 5 хувь нь тус тус үйлдэгджээ.
2016 оны эхний хагас жилд үйлдэгдсэн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулахад 49 хэргээр буюу 29 хувиар буурсан байгаа боловч 2015 оны мөн үед нийт 78 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бол 2016 оны эхний хагас жилд нийт 92 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь 14 хэргээр буюу 15.2 хувиар өссөн байна.
Тухайн сумдад гарсан гэмт хэргийг зүйлчлэлээр нь авч үзвэл : Иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 36, хүчиндэх гэмт хэрэг 2, танхайрах гэмт хэрэг 1, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 6, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 41,  албан тушаалын эсрэг гэмт хэрэг 1, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 4, Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг 1  гарсан байгаагаас дүгнэж үзэхэд иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг ихэвчлэн үйлдэгдсэн байна.
Сум дундын прокурорын газраас дээрхи нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлагатай оролцож, тодорхой ажил зохион байгуулан үр дүнг тооцож ажиллах талаар харъяа 7 сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга нарт Прокурорын мэдэгдэл, Засаг дарга нарт танилцуулга бичиж хүргүүлжээ.