МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Ж.ГОМБОДОРЖ МОНГОЛ УЛСЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХИЙН АЛТАН ХУУДАСНЫ 50 ЖИЛИЙН ТҮҮХИЙГ БИЧИЛЦЖЭЭ

A- A A+
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Ж.ГОМБОДОРЖ  МОНГОЛ УЛСЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХИЙН АЛТАН ХУУДАСНЫ 50 ЖИЛИЙН ТҮҮХИЙГ БИЧИЛЦЖЭЭ

Prokuror.mn Прокурорын албаны өдөрт зориулсан тусгай дугаарын хүндэт зочноор Монгол Улсын гавьяат хуульч Жигжидийн Гомбодоржийг урьсан юм. Тэрээр 1955-1988 онд прокурорын байгуулагад ажиллаж байсан ба энэ хугацаанд Аймгийн прокурорын туслах прокурор, аймгийн прокурор, Улсын прокурорын газарт Шалган зааварлах хэлтсийн дарга, Улсын прокурорын туслахаар тус тус ажилласны гадна Улаанбаатар хотын прокуророор тасралтгүй 14 жил ажиллажээ. Мөн 1990-2007 он хүртэл цагаатгалын ажил хариуцсан прокуророор ажиллаж байсан юм.

Эдүгээ 92 насыг зооглож байгаа ахмад прокурортой уулзахаар очсон биднийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно байрлах "Нарлаг Өргөө" хотхон дахь гэртээ хүлээн авч дотно сэтгэлийн яриа өрнүүлж, прокурорын байгууллагынхаа веб сайтанд ярилцлага өгч байгаадаа ихэд баяртай байгаагаа нуусангүй.

Түүний гэргий Р.Сономдэжид биднийг Архангай нутгийн цагаан идээгээр дайлж, өвгөнийхөө нутаг Хотонт суманд очиж ургийн баярт оролцоод ирсэн талаараа сэтгэл догдлон ярьлаа.

Зуншлага сайхан болж байна уу. Хөдөөгүүр баяр, наадам гээд нилээд явсан гэсэн төрсөн нутгаа зорьсон сонин сайхнаасаа бидэнд хуваалцаач.

Эхнэр Р.Сономдэжид: Сайхан зуншиж байна. Хань, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Хотонт сум руу ургийн баярт яваад ирлээ. Өвгөний маань "Дархад Чимэдочирынхон" гэх ургийн 200 гаруй хүн цугларсан их сайхан баяр боллоо. Хамгийн өндөр настай нь манай өвгөн шүү дээ. Эхэндээ өөрөө хол яваад ядарна гээд дургүй байсан ч хамаатан, садангууд нь "..танд л зориулж зохион байгуулж байгаа баяр шүү дээ... гэсэн болохоор очихоор шийдсэн. Бараг сумын наадам шиг л болдог юм байна. Тэнд өвгөний ахынх нь бага хүү айл гэр болоод нутагтаа амьдарч байгаа хүү бий. Тэр маань байрлах орон гэрээс эхлээд айраг цагаа, мах шөл хамаг юмаа бэлдчихсэн байсан.

Зорьж ирсэн зочныхоо бага залуу насны дурсамжаас яриагаа эхлэмээр санагдлаа. Мэдээж ярих зүйл их л байгаа байлгүй дээ.

Би 1924 онд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. Эцэг эхээс 11 үүлээ. Одоо би л ганцаараа байх шив дээ. Би айлын хамгийн отгон хүү л дээ.

Манайх амьдралын шаардлагаар 1930-аад оны дундуур Улаанбаатар хотод шилжиж  ирсэн юм. Тэр үед би 12 настай бага байсан болохоор зарим юмыг бүдэг бадаг мэддэг. 1937 онд Харилцаа холбооны мэргэжлийн сургуульд суралцаж, радист мэргэжил эзэмшсэн. 1943 онд 19 настайдаа цэрэгт мордож цэргийн албыг таван жил хаасан. Тэр цагт чинь Дэлхийн II дайны гал ид дүрэлзэж, улс орны амьдрал хүнд байлаа. Бүхнийг фронтод гэсэн лоозонтой, хүмүүс идэх өмсөхөө хагаслан бүгдийг дайны талбарт тулалдаж байгаа цэргүүдэд явуулдаг байсан цаг. Би цэрэгт татагдаад шууд л баруун хязгаарт Ховдын хилийн отрядад хуваарилагдсан даа.

Манай Улсын хил амгалан биш, баруун хязгаарт хилийн будлиан үе үе гардаг байсан юм билээ. Манай отряд Ховд аймгийн Булган сумын нутаг Байтаг уулын ойролцоо байрладаг байлаа. 1943-1948 оны баруун хилийн тэр үйл явдлыг түүхэнд "Тулгаралт” гэж нэрлэдэг юм шүү дээ. Би арын албанд холбоочин байсан. Тэгэхдээ буун дуу бишгүй дээ сонсч байлаа. Нэг их сүртэй хоёр талаасаа хүн хүч хуралдуулж, байлдаж байсан юм байхгүй. Зөвхөн хилийн жижиг будилаанууд болж байсан. Хоёр улсын хилийн зааг шугам нь уул хадтай бартаа ихтэй нутаг. Хаана юу байгаа нь мэдэгдэх аргагүй үргэлжилсэн сүрлэг уулстай. Одоогоор бол Осман гэдэг хүнээр толгойлуулсан Шинжааны Хасагууд манай хил рүү үе үе орж ирж айл амьтныг түйвээж малыг нь туугаад явдаг байж. Сүүлдээ хилийн ойролцоо айл нутаглахаа больсон.

Таныг энэ олон жил прокурорын байгууллагад ажиллахад эх орноо хамгаалах дайнд оролцож явсан ахмад дайчин гэдгийг мэдээгүй юм байна шүү дээ.

Төр засаг маань намайг "ахмад дайчин "цол тэмдгээр шагнасан.

Цэргээс халагдаад ямар ажил хийж байв.

Цэргээс халагдахад бичиг үсэгтэй цэргүүдийг хөдөөд янз бүрийн ажилд томилдог байлаа. Би багаасаа бичиг үсэг тайлагдсан, сургууль номоор явсан болохоор гайгүй боловсролтойд тооцогдсон юм байлгүй. Архангай аймгийн Хотонт суманд хувиарласан. Сумын дарга, намын үүрийн дарга гээд аймагтаа хэд хэдэн суманд ажилласан.

Радист мэргэжлээр суралцаж төгссөн байдаг. Гэтэл яаж яваад прокурор болчихов доо.

Намын ажил хийж явах үедээ л прокурор болсон. Анх 1955 онд Архангай аймгийн туслах прокуророор томилогдон ажиллаж байлаа. Харин 1959-1962 онд Хууль цаазын дунд сургууль, 1965-1969 онд МУИС-ийн оройн ангийг "хуульч" мэргэжлээр төгссөн дөө.

Таныг прокурорт ажиллаж байх үед Ерөнхий прокуророор ямар хүмүүс ажиллаж байсан бэ.

Ендондүйчир, Авхиа нар ажиллаж байсан. Ёндондүйчирийн үед прокурорын байгууллага боловсон хүчнээр нилээн бэхжиж, анхныхаа хүмүүсийг гадаадад сургалтанд хамруулж байсан. Би тэр үед Болгар, Герман, Орос гээд мэргэжил дээшлүүлэхээр нилээн олон газраар явсан.

Улсын прокурорт Шалган зааварлах хэлтсийн даргаар анх томилогдож байсан. Прокурорууд таниас их айдаг байсан гэдэг.

/Инээв/ Тиймээ. Прокурорын байгууллагад шалган зааварлах хэлтэс гэж байгуулагдахад анхны даргаар нь томилогдож 10 гаруй жил ажилласан. Тухайн үед прокурорын байгууллагын дотоод зохион байгуулалт, прокуроруудын сахилга, хариуцлага, хөдөлмөрийн бүтээл гэх мэт зүйлийг хариуцан ажилладаг байсан. Нилээн хариуцлагатай ажил л даа. Намайг ажиллаж байх үед прокуроруудтай холбоотой нэг их ноцтой зүйл гардаггүй байсан. "...Тэр намайг ингэж хэлмэгдүүллээ, энэ намайг ингэж буруу шийдлээ... гэсэн аар саархан зүйл л гарна. Тухайн үеийн прокурорын байгууллагад ажиллаж байсан боловсон хүчнүүд ажилдаа зүтгэлтэй үнэнч, шударга улсууд байсан даа. Ер нь тэргүүний хүмүүс л прокурор, шүүгчээр томилогдож байлаа шүү дээ.

Улаанбаатар хотын прокуророор 14 жил ажилласан. Тухайн үед мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхдөө дурсаач.

Прокурорын байгууллага чинь нилээн эрт дээр үеийн сайхан түүхтэй. Улс орны эдийн засаг, хууль цаазын талаар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж би бодож явдаг. Миний ажиллаж байх үед прокурорын байгууллага чинь Ерөнхий, Шүүхийн, Мөрдөн байцаах, Тусгай гэсэн 4 төрлийн хяналттай байсан. Би ч бүх хяналтыг хийсэн дээ. 1974-1988 онд Улаанбаатар хотын прокуророор ажиллаж байлаа. Намайг Улаанбаатар хотын прокуророор томилогдоход контор нь хуучин цэцэрлэгийн байр байсан учир ажиллах нөхцөл муутай байлаа. Прокурорын ажиллах нөхцөл, ахуй хангамжийг сайжруулах талаар Улаанбаатар хотын намын хороо, Ардын депутатуудын гүйцэтгэх захиргаанд асуудал оруулж албаны конторыг засварлаж, 3-4 байр хувиарлуулж, мөрдөн байцаагч, прокурор нарт олгуулж байлаа. Давгадорж, Нарангэрэл, Эрдэнэчимэг, Сүрэнхорлоо, Гомбосүрэн, мөрдөн байцаагч Жадамбаа, Хишиг-Очир, Цэрэнлхам нарын туршлагатай, түшигтэй олон сайхан хүмүүстэй ажиллаж байсан.

Тухайн үеийн прокурорууд ажил хэргээ дандаа хуучин монгол бичгээр явуулдаг байсан гэдэг. Ер нь энэ бичгийг залуу үеийн прокурорууд бид нар сурах хэрэгтэй гэж та боддог уу.

Уг нь сурчихвал их сайн. Хуучин монгол бичгээ судалж мэдвэл түүхээс олон юм уншиж харна шүү. Тэр үеийн хэрэг, маргаан албаны ажил бүгд л хуучин монгол бичгээр явж байлаа шүү дээ. 1946 оноос Улсын албан хэргийг шинэ үсгээр явуулах болсон. Би шинэ хуучин аль алийг нь мэддэг байсан.

Тухайн үед цалин хангамж ямар байв.

Ер нь бол гайгүй сардаа 700 төгрөгийн цалин авдаг байсан. Тухайн үед маш өндөр цалин шүү дээ.

 

БИД ЭХНЭР Р.СОНОМДЭЖИД ГУАЙТАЙ ЯРИЛЦЛАА 

 

Прокурор гэх цаг, наргүй ажилд зүтгэж явсан хүний арыг дааж явсан гэр бүлтэй нь танилцая.Та өөрийгөө танилцуулаач.

Эгч нь оёдолчин мэргэжилтэй. Аймагтаа захиалгат хувцасны үйлдвэрт ажиллаж байгаад Улаанбаатар хотод шилжиж ирээд, хүүхдийн хувцасны үйлдвэрт ажиллаж байсан. Сүүлд 19-р хороололын оёдлын үйлдвэрт шилжиж ажилласан. Тэндээсээ 4 хүүхэдтэй тэтгэвэртээ гарья гэсээр байгаад 50 настай тэтгэвэрт гарсан. Гэтэл Хан-Уул дүүргийн Яармагт байгуулагдсан өндөр настаны оёдлын үйлдвэрт ажиллаач гэж дарга нь санал тавьсан тул тэнд 10 гаруй ажилласан даа.

Гэр бүл болж байсан үеээ дурсаач. Хуулийн хүн тэр тусмаа прокурор хүний гэргий байх хэцүү биз.

1952 онд анх Архангай аймагт танилцаж гэр бүлж болсон. Тухайн үед манай хүн сумын нарийн бичгийн дарга байлаа. Өндөр, тормолзсон давхраатай нүдтэй, өтгөн халимагтай сайхан залуу байсан /инээв/. Том охиноо 18 настай гаргаж байлаа. Одоо бид хоёр ханилаад 64 жил болж байна. 4 хүүхэдтэй. Том охин Г.Цэвэлмаа Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарсан. Том хүү Ганхуяг маань Волгоградад Мөрдөн байцаахын дээд сургууль төгсөж ирсэн. Хуулийн байгууллагад ажиллаж байгаад одоо өмгөөлөгч хийж байна. Дараагийн хүү Ганбат маань цагдаад ажиллаж байгаад гарсан. Одоо өөр ажил хийж байна. Харин бага хүү маань эдийн засгийн сургуульд суралцаж төгссөн. Ар гэрийн ажил, үр хүүхэд гээд бүх л зүйлд санаа тавих шаардлагтай болно. Гэр орны бүх л ажилд ганцаараа юм шиг зүтгэж явсан үе их байсан. Бид хоёр чинь анх хөдөөнөөс орж ирээд Ганданд Д.Ёндондүйчэр прокурорын хашаанд жижиг гэр барьж амьдардаг байлаа шүү дээ. Прокурорын байгууллагад хоёргүй сэтгэлээр, цаг наргүй зүтгэж явсаныг нь прокурорын байгууллага үнэлж манай хүнд байгууллагаас нь 2 өрөө байр өгсөн. Хүүхдүүд өсөөд, сүүлд нь 11 хороололд байраа томсгож орсон. Төрийн хишиг, өвгөний минь буян заяа ихээ.

Гомбодорж гуайн найз нөхдийн талаар та хуучлаач. Прокурорт ажиллаж байхдаа ямар хүмүүстэй дотно найзалдаг байсан бэ.

Загд, Сүхбаатар гээд прокуроруудтай их нийлж найзалдаг байсан. Улаанбаатар хотын прокурорын газарт байхдаа Сүрэнхорол, Сүмбэрэл гээд өөрөөсөө олон дүү хүмүүстэй найзалдаг байсан даа. /инээв/ Манай хүн маш залуу сэтгэлгээтэй хүн байсан ш дээ. Тэгээд л найзуудтайгаа хамт мод руу жимсэнд явна гээд л явна. Мэдээж эрчүүд болсон хойно ганц нэг шил архи авч явна шүү дээ.

 

БИД ГЭР БҮЛИЙН АЛЬБОМЫГ ҮЗЭЖ БАЙХАД Р.СОНОМДЭЖИД ГУАЙ НЭГЭН ЗУРГЫГ ЗААЖ "...энэ Гомбодоржийн ах 1937 онд хэлмэгдэж, буудуулсан хүн" ГЭЛЭЭ.

 

Энэ хүний талаар жаахан тодруулж ярьж өгөөч.

Ах нь Худалдааны яамны дэд сайд байсан хүн. 1937 онд нэг шөнө гэрээс нь буутай хүмүүс ирээд баривчлаад явсан гэдэг юм билээ. Эхнэр, бага хүү хоёр нь байхгүй байсан, Ах нь том хүүгээ өвөртлөөд унтаж байхад нь л ногоон малгайтнууд орж ирээд, аваад явсан гэдэг. Гомбодорж маань тэр үед 10-д настай байсан юм билээ. Эгчийнхээ нэг хүүхэдтэй цуг ахындаа хонож байсан гэсэн. Ах нь гарч явахдаа "...надад хийсэн хэрэг байхгүй шүү гэж Янжинд /эхнэртээ/ хэлээрэй гэсэн... гэж ярьдаг байсан. 1980-аад оны үед цагаатгагдсан. Сүүлд өвгөн маань Цагаатгалын ажлын хэсэгт орж ажиллаж байхдаа хэргийг нь уншсан гэж ярьдаг. Их л муухай хэлмэгдүүлсэн юм билээ дээ.

ХАРИН ЭНЭ ТАЛААР Ж.ГОМБОДОРЖ ГУЙГААС ТОДРУУЛАХАД :

Миний ах Ж.Баттөмөр тэр үеийн сэхээтнүүдийн нэг байсан. Хувьсгалын эсэргүү гэх хэрэгт тулгагдан, хэлмэгдэж буудуулсан юм. Намайг цагаатгалын ажлын хэсэгт орж ажиллах үеэс өмнө цагаатгагдсан юм. Би сүүлд өөрөө хэргийг нь уншсан. Ямар ч баримтгүй шууд л хувьсгалын эсэргүү гэх хэрэг тулгаж, тамлан зовоож, баривчлагдсанаас нь хойш бараг нэг жилийн дараа буудаж хороосон юм билээ. Ярих ч юм биш.

Бидний урилгыг хүлээн авч, зав чөлөө гарган, дурсамжтай сайхан ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. "Прокурорын албаны өдөр" тохиож байна хамт олондоо хандаж хэлэх зүйл байгаа байх.

Намайг прокурорын байгууллага гарыг минь ганзганд, хөлийг минь дөрөөнд хүргэж өгсөн. Нийт прокурорын байгууллагын хамт олондоо "Прокурорын албаны өдөр"-ийн баярын мэнд хүргээд ажил үйлс нь үргэлж сайн сайхан явахын ерөөл өргөе дөө.

Эдүгээ 93 насыг зооглож байгаа, төрдөө хийсэн ажилтай, түмэндээ дурсагдах гавьяатай буурал маань үр хүүхдүүд, ач, зээ нараараа хүрээлүүлэн өнөр өтгөн сайхан амьдарч байна. Өндөр насны эрхээр зарим үйл явдлыг тодорхой санахгүй байх боловч асуусан асуултанд торохгүй хариулж богинохон ч гэсэн цаг хугацааг дурсамжаараа хөглөж өнгөрүүллээ.

Ярилцсан: Ц.Өлзийжаргал