Монгол Улсын Засгийн газраас 2015 онд Нийтээр тэмдэглэх баярт өдрүүдийн тухай хуулийн дагуу жил бүрийн 08-р сарын 14-ны өдрийг "Прокурорын албаны өдөр" болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасантай холбогдуулан прокурорын байгууллагын хамт олон баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ.
"Прокурорын албаны өдөр"-ийг тэмдэглэх ажлын хүрээнд олон арга хэмжээг төлөвлөн амжилттай зохион байгуулсан ба эдгээрийн нэг бол 2016 оны 08-р сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг "Мойлтын тохой" нэртэй газар болсон үйл ажиллагаа байлаа.
Тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх Энх-Амгалан нээж Монголын прокурорын байгууллага хэмээх төрийн өмнө тодорхой чиг үүрэг хүлээсэн, хүнд хүчир ажлыг нуруундаа үүрч явдаг прокурорууддаа баярын мэнд хүргэснээр эхэлсэн юм.
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа нийт прокурорын газар, нэгжүүд хамт олноороо цуглан баяраа тэмдэглэсэн энэ өдөр Прокурорын байгууллагын "Сургалт, амралтын төв"-ийн шав тавьж, хүчит бөхчүүд барилдан, авъяаслаг прокурор, ажилтнууд урлагийн тоглолтоо үзүүллээ.
Хүчит бөхийн барилдаанд прокурорын байгууллагын прокурор, ажилтнуудаас бүрдсэн аймаг, цэргийн цолтой хүчит 32 бөх барилдсан ба Өвөрхангай аймгийн Баруун Баян-Улаан сумын харъяат Улсын Ерөнхий прокурор газрын бөх, аймгийн начин Н.Бат-Итгэлт, түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харъяат Нийслэлийн прокурорын газрын бөх, сумын заан Н.Мөнхбат нар үзүүрлэн хуран цугласан хамт олноо баясгалаа.
Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа идэвхи, зүтгэл гарган ажилласан зарим прокурор, ажилтнуудын шагнаж урамшуулав.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба