ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ИРГЭДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД АЖЛАА ЧИГЛҮҮЛЖ БАЙНА.

A- A A+
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ИРГЭДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД АЖЛАА ЧИГЛҮҮЛЖ БАЙНА.
 

Прокурорын байгууллага иргэдийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна.

2016 оны эхний хагас жилийн байдлаар иргэдэд хууль тогтоомжийг сурталчлах чиглэлээр 419, Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчилж 160 удаа яриа таниулга хийжээ. Төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 245 удаа ярилцлага, нэвтрүүлэг явуулсан байна. Аймаг,Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг гарын авлага материал 118-г хэвлэж, иргэдэд тараах, зам тээврийн осол гарч байгаа замуудад анхааруулга, самбар байрлуулах зэрэг ажлыг хийжээ.

 

Прокурорын газрууд 2016 оны эхний хагас жилийн байдлаар гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцлийг арилгуулах, урьдчилан сэргийлэх ажил зохиолгохоор албан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад 1585 мэдэгдэл бичсэн нь 2015 оны мөн үеээс 809 буюу 2.04 хувиар өссөн.

Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын прокурорууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шалгалтанд 278 удаа оролцсон нь өмнөх оны мөн үеээс 120 буюу 76 хувиар, орон нутгийн эрүүгийн нөхцөл байдал болон гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцлийг судалж 128 судалгаа хийсэн нь өмнөх оны мөн үеээс 28 хувиар өссөн байна.

Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах зорилгоор иргэд, албан тушаалтаны дунд санал асуулга 28 , хэлэлцүүлэг 64 удаа зохиож, 305 удаа сургалт явуулжээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн зарим ажлаас дурьдвал: FM "Авто радио" 96.3 радио станцын "Хуульчийн цаг" нэвтрүүлэгт 14 хоног тутамд прокурор оролцож иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө ,мэдээлэлийг 8 удаа өгсөн байна.

МҮОНТ-ийн "Эрх зүйн хөтөч" нэвтрүүлэгтэй хамтран Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас "Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, үндсэн чиг үүрэг", Чингэлтэй дүүргийн прокурорын газарт "Прокурор ЭБША-нд оролцогч нараас гаргасан гомдол хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа", 5 сард Нийслэлийн прокурорын газраас "Прокурор Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт"-ын талаар нэвтрүүлэг бэлтгэж, МҮОНТ-р нэвтрүүлсэн.

Нийслэлийн прокурорын газар,Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтарсан "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь нийслэлийн ажил” зөвлөгөөн, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас зохион байгуулсан "Нээлттэй хаалганы өдөрлөг", Баянгол дүүргийн прокурорын газраас зохион байгуулсан "Амьтны тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэгтэй тэмцэхэд талуудын оролцоо" сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг Хууль зүйн сайдаар, нийслэл, сум, дүүрэгт түүний Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргаар толгойлуулсан орон тооны бус зохицуулах зөвлөл ньхарьяа нутаг дэвсгэртээ гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг өөрийн төсвөөс тусгайлан төлөвлөж санхүүжүүлдэг.

Аж ахуй нэгж байгууллага нь дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах талаар тодорхой арга хэмжээ аван ажилтнууддаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах үүрэгтэй. Мөн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар шүүхийн энгийн магадлал, прокурорын болон бусад эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, зөвлөмжийг хүлээж авсан байгууллага, аж ахуйн нэгж түүний дагуу тодорхой арга хэмжээ авч, хариуг хугацаанд нь өгч байх үүрэгтэй.

 

Хэвлэл мэдээллийн байгууллага Гэмт хэргийн тухай мэдээлэл хийхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан нөхцөл, хор холбогдлыг олон түмэнд таниулах, сэрэмжлүүлэхийг гол зорилго болгох ба гэмт хэргийг сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх арга хэрэгслийг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрүүлэг хийхийг хориглоно.Шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг хориглох ба гэмт хэргийн шинжтэй, илт хууль бус нийтлэл, нэвтрүүлэг, зар сурталчилгааны талаар цагдаагийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй.

 

Иргэн нь нийгмийн хэв журам сахихыг бусдаас шаардах, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих, архидан согтуурч, нийгмийн хэв журмын зөрчил гаргаж байгаа этгээдийг эрүүлжүүлэх байргүй газар амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулахгүйгээр эрүүлжүүлэх, үйлдлийг нь таслан зогсоох арга хэмжээ авах эрхтэй.Оршин суугаа нутаг дэвсгэртээ нийгмийн хэв журам сахиулах талаар нутгийн захиргааны байгууллага, гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах байгууллагаас хэрэгжүүлж байгаа зохион байгуулалттай арга хэмжээнд оролцох мөн гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх үүрэгтэй.

Мөн хуульд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийг нийтийн эргүүлд гаргах, хэв журмын урамшилтай эргүүл жижүүр болон олон нийтийн цагдааг томилох, гэмт хэргийн тухай мэдээллийг төлбөртэй олгох, иргэдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээхэрэгжүүлэх баталгаа зэргийг тусгаж өгсөн.

Иргэд та бүхнийг гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс  сэргийлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.