Налайх Багахангай дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор Ж.Цэцэгмаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 89 дүгээр зарлигаар Төрийн шагнал Алтан гадас одонгоор шагнууллаа. Шагналыг 2016 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Налайх Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газарт Засаг дарга Х.Болдбаатар гардуулсан байна.
Ж.Цэцэгмаа нь 1987 онд МУИС-ийг төгсөөд Өвөрхангай аймгийн прокурорын газарт томилогдсноос хойш прокурорын байгууллагад тасралтгүй 29 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай, ахмад прокурор юм.
Ж.Цэцэгмаа нь 1987-1998 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хэсгийн болон хяналтын прокурор, туслах прокуророор, 1999 оноос Налайх дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, орлогч, туслах прокуророор томилогдон ажиллаж байна.
Туслах прокурор Ж.Цэцэгмаа нь прокурорын бүх хяналтын чиглэлээр ажиллаж байсан ба сүүлийн 3 жилийн байдлаар Налайх Багахангай дүүргийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлыг хариуцан ажиллаж, энэ хяналтын чиглэлээр дээд шатны прокурорын газраас тавьсан зорилтыг хэрэгжүүлэн, нийт 500 гаруй ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж, баривчлах хорих, хорихоос өөр төрлийн ялын биелэлт, ял эдлүүлж буй байдлыг сар бүр шалгаж танилцан, илрүүлсэн зөрчлийг арилгуулахаар холбогдох газруудад 36 шаардлага бичиж биелэлтийг тооцсоноос гадна ял эдлүүлэх ажиллагааны явцад эрх нь зөрчигдсөн 200 гаруй ялтны зөрчигдсөн эрхийг сэргээн прокурорын хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачлага гарган прокурорын байгууллагын үйл ажиллагаа болон хийсэн шалгалт судалгааны дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр 41 удаа сурталчилж, орон нутгийн хууль хяналтын байгууллагатай хийсэн хамтарсан шалгалтанд 24 удаа оролцон, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтомжийн хэрэгжилтийг хангуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд 50 гаруй мэдэгдэл бичиж, биелэлтийг хангуулсан ба 10 мянга гаруй хүнд хууль сурталчлан ажилласан байна.Мөн туслах прокурор Ж.Цэцэгмаа нь дүүргийн хууль хяналтын байгууллагууд болон төр захиргааны байгууллагын хамтын ажиллагааг сайжруулахад ихээхэн хувь нэмэрээ оруулж, 20 гаруй удаа хууль хяналтын байгууллага болон төр захиргааны байгууллагатай хамтарсан уулзалт өдөрлөг, семинар зөвлөлгөөнийг зохион байгуулж ажилласан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба