ПРОКУРОРУУД ТАЙВАНЫ ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ШҮҮГЧДИЙН АКАДЕМИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДААД ИРЛЭЭ

A- A A+
ПРОКУРОРУУД ТАЙВАНЫ ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ШҮҮГЧДИЙН АКАДЕМИЙН СУРГАЛТАНД ХАМРАГДААД ИРЛЭЭ

Тайваны Хууль зүйн яамны Шүүгчдийн академийн Монголын прокуроруудын 13 дахь удаагийн сургалтанд Улс, Нийслэл, Аймаг, Тээвэр, дүүргийн 20 прокурор хамрагдан 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд зарим байгууллагын үйл ажиллагаа болон тодорхой төрлийн гэмт хэргүүдийг шалгаж илрүүлэн, хяналт тавьж байгаа туршлагатай танилцлаа.

Энэ удаагийн сургалтын хөтөлбөрийг өмнө сургалтанд хамрагдаж байсан прокуроруудын саналыг үндэслэн Тайпэй хотын прокурорын газар, Шийдвэр гүйцэтгэх газар болон зарим хорих газруудын үйл ажиллагаа, мансууруулах бодис, мөнгө угаах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа талаар товч танилцуулж, тус нутгийн байгаль, ард түмний зан заншилтай танилцуулахаар боловсруулсан байна.

Тайванд нийт 21 орон нутгийн шүүхийн прокурорын газар байдаг. 2016 оны 9 дүгээр сард дахин шинээр орон нутгийн прокурорын газар байгуулагдаж байгаа. 6 дэд шүүхийн болон 1 дээд шүүхийн прокурорын газар ажиллаж байна. Тайбэй хотын прокурорын газар нь 148 прокурортой, мансууруулах бодис, оюуны өмчийн эсрэг, залилан мэхлэх болон онц хүнд, олон нийтийн анхаарал татсан эрүүгийн хэргүүдийг хянан шалгах хэлтсүүдтэй, прокурорууд тухайн төрлийн гэмт хэргийг дагнан багаар ажилладаг байна.

 

Тайванд мансууруулах бодисын гэмт хэргийн гаралт ихэсч байгаатай холбогдуулан прокурорын газраас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, сурталчилгаа, мөн гэмт хэргийн улмаас олж авсан хууль бус ологыг хураах ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Прокурор нь цагдаа хэргийг шалгах, мөрдөн байцаахад чиглүүлэх, хэрэв мэдүүлсэн хэрэг нь нотлох баримтаар тогтоогдвол шүүхэд шилжүүлэн шүүн таслуулна.

Хэрэг прокурор гэмт хэргийн шинжгүй гэж үзвэл яллахгүйгээр шийтгэл хүлээлгэнэ.Хууль зүйн яамны Мөрдөн байцаах товчоо /MJIB- The Investigation Bureau of the Ministry of Justice/ нь ТайваныХууль зүйн яаманд харьяаллагддаг, хууль сахиулах байгууллага.Тус байгууллага нь үйл ажиллагааны хувьд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI)-тай ижил төстэй.

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, томоохон гэмт хэргийг мөрдөн шалгах үндсэн чиглэлтэй. Үйл ажиллагааны хүрээнд:-Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах,Терроризмын эсрэг гэмт хэрэг,Үндэсний нууцыг хамгаалах,Дотоодын аюулгүй байдлын судалгаа,Үндэсний дотоод аюулгүй байдлыг зохицуулах,Гэмт хэргийн судалгаа, мэдээлэл, Авилгын гэмт хэргүүд, Сонгуулийн луйвар, Эдийн засгийн гэмт хэрэг, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодистой холбогдол бүхий гэмт хэргүүд, Мөнгө угаах, Кибер гэмт хэргүүд байна.

MJIB нь Нийгмийн тогтвортой байдал, Үндэсний аюулгүй байдлын хангаж, хамгаалах төрийн нэрийн өмнөөс мөрдөн шалгах үүрэг хариуцлага хүлээдэг Хууль зүйн яамны агентлаг юм. Тайбэй хотоос гадна Тайваны бусад хотуудад нэгж бүхий тогтолцоотой байна. Товчоо нь дээрх төрлийн гэмт хэргүүдийг мөрдөн байцаах, шалгах, эх орноосоо урвасан, үймээн самуунд өдөөн хатгах, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд аюул учруулсан, гэмт хэрэг халдагуудаас хамгаалах дотоод аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

Үйл ажиллагааны нэг чухал тулгуур нь тагнуулын болон аюулгүй байдал, тогтвортой байдлын төлөө ажиллах байдал. Тэр хүрээнд гадаадын тагнуулын агентууд, тэдгээрээс Тайваны арал руу чиглэсэн үйлдлийг шалгаж тогтоох, хариу арга хэмжээ авах, мэдээлэл цуглуулах төрөл бүрийн арга хэрэглэх, технологи хулгайлах, эдийн засаг, нийгмийн хэв журам сарниулах зэрэг халдлагуудаас сэрэмжлэн хамгаалдаг байна.

Хар тамхи тэдгээрийн хууль бус эргэлт болон мөнгө угаах гэмт хэргүүдэд тусгайлан хяналт тавьдаг байна. Тус агентлагт мөн дээрх 2 чиглэлээр дагнасан бүтэцтэй.

Тайваны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хууль зүйн яамныхаа харъяанд, шүүхээс гарсан шийдвэрийн дагуу гол үйл ажиллагаагаа явуулдаг байна. Үүнээс гадна захиргааны шийтгэлтэй холбоотой торгууль болон халамжийн чиглэлээр тодорхой ажиллагаа хийж байна. Тухайлбал, төлбөрийн чадваргүй хүнийг ажлын байраар хангаж, албадан хөдөлмөр эрхлүүлэх замаар хохирол төлүүлж байна.

Тэдгээр хүмүүст ажлын байр бий болгосноор хөдөлмөр эрхлүүлж, нийгэмшүүлэхэд анхаарч тусгайлан үйл ажиллагаа явуулж байна. Тус газар нь санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж, дуудлага худалдаа зохион байгуулан хэрэг шалгах үед хурааж, битүүмжилсэн хөрөнгийг худалдаж улсын орлого болгон улсад төлөх ёстой татварыг мөн төлүүлдэг байна.

Тухайлбал, 2008 онд 150 сая, 2010 онд 300 сая, 2012 онд 35 тэрбум, 2015 онд 40 тэрбум хол давсан хөрөнгийг хурааж, битүүмжлэн улсын орлого болгожээ. Хохирогчид учирсан хохирлыг тухайн дүүрэг бүрт байдаг хохирогчийн эрхийг хамгаалдаг сангаас нөхөн олговор олгох замаар барагдуулж, шүүхийн шийдвэр гарсаны дараа холбогдогчоос мөнгийг буцаан гаргуулдаг байна. Энэ удаагийн сургалтанд хамрагдсан прокурорууд тус байгууллагад зочилсон нь Монгол Улсын прокурорын байгууллагаас ирсэн анхны зочид байлаа.

Олон улс болон Хятадтай хууль зүйн харилцан туслалцаа үзүүлэх талаар:

Хууль зүйн харилцан туслалцаа нь олон улсын хууль зүйн байгууллагын хамтын ажиллагааны нэг хэсэг бөгөөд аливаа нэг улс, бүс нутаг эсвэл олон улсын хуулийн байгууллагаас туслалцаа хүсэх бол хууль зүйн хамтын ажиллагаагаар /Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам/ дамжуулан ажилладаг.Хууль зүйн харилцан туслалцах үндсэн агуулга нь материал солилцох, баримт бичиг хүргүүлэх, мөрдөн байцаах, гэмт хэргийн эд юмс шилжүүлэх, хэрэгтэн шилжүүлэх, хоригдол шилжүүлэх зэрэг ажиллагаа болно.

Одоогийн байдлаар АНУ, БНХАУ, Филлипин, Өмнөд Африк зэрэг улсуудтай харилцан туслалцааны гэрээ хийсэн, цаашид бусад улс орнуудтай гэрээ хэлэлцээр хийх тал дээр идэвхитэй ажиллаж байгаа, Монгол улстай хамтран ажиллах сонирхол маш их байгаа талаар танилцуулж байв.

 

 

 

 

 

 

Зарим төрлийн гэмт хэргийг шалгаж, хянаж байгаа талаар:

Тус улсад гарч байгаа хулгай, дээрэм, хүч хэрэглэх зэрэг онц ноцтой гэмт хэргүүд нь цаагуураа мансууруулах бодистой холбогдож байгаа тул Засгийн газраас нь мансууруулах бодис, мансууруулах бодисын тархалттай тэмцэх тэмцлийг сайжруулж, мансууруулах бодист донтогсодыг зөвхөн шийтгэж гадуурхалгүй тэднийг сургах, ажил хөдөлмөр эрхлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүдийг цагдаа, мөрдөн байцаах газар, далайн эргүүлийн цагдаа, цэргийн цагдаа, гаалийн байгууллагууд шалгадаг байна. Мөн мансууруулах бодис, мансууруулах бодис хэрэглэгчдийн талаарх мэдээллийн сан бүрдүүлсэн нь энэ хэргийг шалгаж, илрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болжээ.

Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шалгаж илрүүлэн, ял шийтгэл оногдуулахаас гадна түүний хор хөнөөл болон урьдчилан сэргийлэх, мансууруулах донтолтоос гаргах ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулж байна. Мөн мансууруулах бодис үйлдвэрлэх, тээвэрлэх, эсвэл санаатайгаар худалдан борлуулах, худалдах, агуулан хадгалах болон хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, залилан мэхлэх болон бусад хууль бус аргаар мансууруулах бодис хэрэглэх хэргийг илчлэн, мөрдөн шалгаж, хураан авсан тохиолдолд тухайн хураан авсан бодисын хэмжээнээс хамааран мөнгөн урамшуулал олгож байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, шалган илрүүлэхэд зохих хэмжээгээр нөлөөлж байна.

Тайванд мөнгө угаах гэмт хэрэг их гарах болсонтой холбогдуулан Засгийн газраас урьдчилан сэргийлэх системийг бий болгох шаардлага гарсан байна. Үүнд мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх тухай хууль гаргасан явдал их нөлөө үзүүлсэн. Уг хуульд, гэмт хэргийн улмаас шууд олж авсан эд хөрөнгө, мөнгө ашиг, гэмт хэргээр олж авсан цалин хөлс, дээрх 2-т заасан эд хөрөнгө, мөнгөөр худалдаж авсан бүх төрлийн эд юмс болон ашгийг гэмт хэргийн улмаас олж авсан эд юмст тооцохоор заажээ. Мөнгө угаах гэмт хэргийг мөнгөний урсгал чиглэж байгаа хариуцагчийг мөшгиж олох, ноцтой гэмт хэргүүдийн мөрөөр мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх, хүнээр мөнгийг мөшгих эсвэл мөнгөөр хүнийг мөшгих аргуудыг солбицуулан хэрэглэх зэрэг аргуудаар илрүүлж байна. Хэргийг шалгаж байх үед гэмт хэргийн замаар олж авсан бүх хөрөнгө, мөнгийг битүүмжлэн хураах, эд хөрөнгөнд нь хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авдаг байна. Мөн хэргийг шалгах үед өмчлөх эрхийг хөдөлгөөнд оруулахаас сэргийлэн урьдчилан шилжилт хөдөлгөөнийг зогсоох, цагдан хорих, мөнгөний урсгалыг шалган тогтоох зэрэг ажиллагааг зэрэг хийж гүйцэтгэдэг.

 

 Тайваны одоогийн ЭБШХ нь 19287 онд Коминданы Засгийн газраас тогтоогдсон, түүнээс хойш олон удаа засвар хийгджээ. Одоо 500 гаруй заалттай, нотлох баримтыг үндэслэн мөрдөн шалгах арга, нарийвчилсан дэс дараалал, журамтай хууль байна.