Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд хилийн боомт байрладаг онцлогтой холбоотойгоор сүүлийн жилүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175, 198 дугаар зүйлд заасан гэмт хэрэг өсөх хандлагатай болсон бөгөөд нөгөө талаар тэдгээрийг зүйлчлэх нь онолын хувьд маргаантай хэвээр байдаг байна.
Энэ үүднээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлд "хилээр хууль бусаар нэвтрүүлсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлд "хилээр хууль бусаар импортолсон” гэж заасан үгний ялгааг гаргахын тулд тодорхой кейс өгч, аймгийн прокурорын газраас 2, сум дундын прокурорын газраас 2 хяналтын прокурор, өмгөөлөгчдөөс 4 гишүүнтэй баг оролцож яллах, цагаатгах талаар мэтгэлцээнийг өрнүүлжээ.
Мэтгэлцээний гол зарчим нь бие биенээсээ суралцах, илтгэх ур чадварыг эзэмшүүлэх, үнэн бодитой нотолгоонд суурилсан байдаг тул улсын яллагч нарын мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх, хууль хэрэглэх чадвар болон хуулийн үг хэллэгээр ярих, гэмт хэргийг нотлох аргачлалд сургах зэрэг олон талын ач холбогдолтой ажил болжээ.
Цаашид тулгамдаж байгаа асуудлаар мэтгэлцээнийг улирал бүр тогтмол зохион байгуулж, шүүх, прокурор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаагч, гаалийн байгууллагыг оролцуулан мэтгэлцэж байхаар тогтсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба