ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ ҮЙЛЧЛЭХ ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭНД 1500 ОРЧИМ ИРГЭД ХАМРАГДАЖ ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ АВЛАА

A- A A+
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ ҮЙЛЧЛЭХ ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭНД 1500 ОРЧИМ ИРГЭД ХАМРАГДАЖ ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ АВЛАА

Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 178 дугаар зарлигаар анхны 4 районы Прокурорын газрыг байгуулсны нэг нь "Ажилчны районы прокурорын газар" билээ. 1992 онд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрчлөлтөөр Ажилчны районыг Хан-Уул дүүрэг болгон өөрчилснөөр Хан-Уул дүүргийн прокурорын газар нэртэй болж ахлах прокурор, 11 хяналтын прокурорын орон тоотой ажиллаж байсан.
Одоо тус прокурорын газар нь бүтэц орон тооны хувьд өөрчлөгдөж, материаллаг бааз, ажлын нөхцлийн хувьд жил ирэх тусам сайжирч  дотоод сүлжээ, интэрнэт орчинд холбогдсон, шуурхай удирдлагаар хангагдсан, прокурор ажилтны ажиллах орчин бүрэн бүрдсэн, ажлын байрны нөхцөл бололцоо хамгийн сайнд тооцогддог прокурорын газар бөгөөд прокурор, ажилтнууд нь хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газар нь байгуулагдсан цагаас хойш иргэд олон нийтэд үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгоход анхааран ажилласаар ирсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэстэй хамтран "Нээлттэй хаалга"-ны өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

"Нээлттэй хаалга"-ны өдөрлөгийн арга хэмжээнд Прокурор, Цагдаагийн байгууллагаас гадна тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Иргэний болон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа байгууллагууд, Замын цагдаагийн тасаг, Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн төлөөллүүд оролцсон юм. 

"Нээлттэй хаалга"-ны өдөрлөгийг Хан-Уул дүүргийн прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Ү.Содномцог нээж хүрэлцэн ирсэн ард иргэдийн төлөөлөлд талархал илэрхийлээд мэргэжлийн байгууллагуудаас өөрт тулгамдсан асуудлаараа чөлөөтэй ярилцаж, хуулийн зөвлөгөө авахыг хүслээ.

БАЙГУУЛЛАГА ДЭЭРЭЭ ЛСД ДЭЛГЭЦ БАЙРЛУУЛАН ИРГЭДЭД МЭДЭЭ, МЭДЭЭЛЛЭЭ НЭЭЛТТЭЙ

ӨГЧ БАЙГАА НЬ ОЛНЫ ТАЛАРХАЛЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА П.ЭРДЭНЭБАТ

Манай прокурорын газар нь байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй хүргэхэд анхааран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бид байгууллага дээрээ ЛСД дэлгэц байрлуулж, дотоод сүлжээндээ холбож өгсөн ба энэ дэлгэцээрээ дамжуулан байгууллагын зохион байгуулалт, зорилго, зорилт үйл ажиллагааны чиглэлд мөрдөгддөг журам заавар, шилэн дансны мэдээлэл, хэргийн шийдвэрлэлт, хүлээж авсан гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдал, иргэдийг хүлээж авах хуваарь зэргийг байршуулж өгсөн нь иргэдээс талархал хүлээж байна.

Иргэд, байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид байгууллагын үүдээр орж ирээд шууд энэ дэлгэцнээс дээрх мэдээллүүдийг хүлээж авахаас гадна  өөрсдийн гаргасан гомдол, хүсэлт, хэрэг материал ямар шатандаа явааг  харж болох юм.

Түүнчлэн дэлгэц маань интернэтэд холбогдсон байдаг тул прокурорын байгууллагын мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэдэг WWW.PROKUROR.MN веб сайт руу орж Улсын Ерөнхий прокурорын газар болон Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Аймаг, Сум дундын прокурорын газруудын зохион байгуулан хийж байгаа ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг авах бүрэн боломжтой.


 2015-2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС

БОЛЖ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД 9.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРААД БАЙНА

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ОРЛОГЧ Б.НИНЖ 

Өдөрлөгийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн иргэдийн зүгээс ихэвчлэн ямар асуудлаар зөвлөгөө авч байна.

Ер нь бол ямар нэг байдлаар бусдад эд зүйлээ алдсан иргэд маш  ихээр зөвлөгөө авч байна. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт сүүлийн үед эрс ихсэх хандлагатай байгаа учир Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйл ангид хамаарах Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйл болоод энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох зорилгоор 2015-2016 оны эхний хагас жилийн байдлаар судалгаа хийсэн юм.

Судалгааг тус прокурорын газрын хяналтын харьяа нутаг дэвсгэрт 2015 он, 2016 оны эхний хагас жилийн байдлаар үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шийдвэрлэсэн 249 хэргийг хамруулан явуулсан.

Дүүргийн хэмжээнд 2015 оны байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд зааснаар 120 эрүүгийн хэрэг үүсгэж, шалгасан байх ба эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан нийт хэргийн 7.5 хувийг эзэлж байгаа юм.

Дээрх 120 хэргийн шийдвэрлэлтийн байдлыг судлаж үзэхэд яллах дүгнэлт үйлдэж 7 хэрэг буюу 5.8 хувийг шүүхэд шилжүүлсэн, 82 хэрэг буюу 68.3 хувийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 31 хэргийг нэгтгэж шалгасан байна.

Харин 2016 оны эхний хагас жилийн байдлаар 129 эрүүгийн хэрэг үүсгэж, шалгасан нь 13.8 хувийг эзэлж байгаа бөгөөд эдгээрээс 2 хэрэг буюу 1.5 хувийг шүүхэд шилжүүлсэн, 12 хэрэг буюу 9.3 хувийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 14 хэргийн ажиллагааг түдгэлзүүлсэн, 16 хэргийг нэгтгэн шалгаж, 85 хэрэг ажиллагаанд  байгаа юм.

Судалгаанд хамрагдсан дээрх залилангийн гэмт хэргийн улмаас  294 хүнд нийт 9.7 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.

Бусдыг залилан мэхэлж хохироосон хүн ямар хариуцлага хүлээж байна вэ?

Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгчдэд шүүхээс оногдуулж буй ял шийтгэлийн байдлыг судлахад:

Судалгаанд хамрагдсан нийт 249 хэрэгт нийт 272 хүн холбогдож шалгагдсан ба үүнээс 10 хүний гэм буруутай нь тогтоогдож, 2 хүн хорих ялаар, 8 хүн хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн, 19 хүнд холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Энэ төрлийн гэмт хэрэг гарахад нөлөөлж байгаа байгаа хүчин зүйл юу байна вэ.

Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн обьектив, субъектив хүчин зүйл, гэмт хэрэг үйлдэж буй аргыг нарийвчлан судлахад судалгаанд хамрагдсан хохирогч нарын 118 нь буюу 43.3 хувь нь өөрийнхөө илтэд хайнга байдлаас хохирсон, 151 буюу 56.6 хувь нь  гэмт этгээдийн залилан мэхлэх идэвхитэй үйлдэл, залилан мэхлэх гэмт үйлдлийн аргад автсан байдал тогтоогдсон байдаг.

Мөн хохирогч нь гэмт этгээдийг урьд нь таньдаг байсан тохиолдол 89 буюу 32.7 хувийг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх бас нэг арга бол гэрээний хэлбэрийг ашиглах явдал бөгөөл энэ аргаар нийт 17 хүнийг хохироосон байна.

Залилан мэхлэх гэмт хэргийг шалгах ажиллагаанд хяналт тавих явцад хүндрэлтэй асуудал юу байна.

Залилан мэхлэх гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд гэрээний хэлбэрийг ашиглаж, гэмт хэрэг үйлдснийг иргэний эрх зүйн маргаанаас ялган зүйлчлэх, мөн залилан мэхлэгч нь олон дүүрэг дамжиж олон хүнийг хохироосон үйлдлүүдийг нэгтгэн шалгах, хохирогч нарт хохирлыг барагдуулах арга хэмжээ авсны дараа хэргийг хаах санал, шаардлага тавих, мэдүүлгээс буцах зэрэг  хүндрэл бэрхшээл тулгарч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд дүүргийн төр захиргааны байгууллага болох хөрөнгийн бүртгэлийн байгууллагын ажилтны албан үүргээ биелүүлэх явцдаа санаатай болон санамсаргүй алдаа гаргах нь энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг учрах нөхцлийг бүрдүүлсэн тохиолдол гарсан байна.

Иймд олон нийтэд эрх зүйн туслалцаа дэмжлэг үзүүлдэг байгууллага, эвлэрүүлэн зуучлах чиг үүрэг бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааг энэ чиглэлд анхаарлыг нь хандуулах шаардлагатай  байна. Мөн эвлэрүүлэн зуучлалын төвийн байрлал Цагдаагийн хэлтсүүдийн орчимд байх нь тохиромжтой байна.

"ГЭРЭЭГЭЭР ХАЛХАВЧЛАН ЗАЛИЛСАН" ГЭХ ГОМДОЛ ӨСЧ БАЙНА

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН 1 ДҮГЭЭР ХЭЛТСИЙН МӨРДӨН БАЙЦААХ ТАСГИЙН

АХЛАХ МӨРДӨН БАЙЦААГЧ, ЦАГДААГИЙН АХМАД Л.ЭНХМӨРӨН

Иргэд байгууллагаас ирүүлсэн Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудал юу байдаг вэ.

Аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс худалдах, худалдан авах үйл ажиллагаа болон, хөрөнгө оруулалт оруулж хамтран ажиллах тухай гэрээ байгуулан ажиллах явцдаа үүссэн маргаантай асуудлыг санаатай залилан мэхэлсэн буюу ЭХТА-н 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан гэж үзэн Цагдаагийн байгууллагад хандах болсон.

Гэрээний үүрэг гүйцэтгэгч этгээд үүргээ биелүүлэхийн тулд тодорхой ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн болон гүйцэтгэж байгаа байдлаар халхавчлан үйл ажиллагаа явуулдаг идэвхитэй үйлдэл байдаг. Үүнийгээ тэд энэ гэмт хэргийг үйлдээгүй гэрээний үүргийг биелүүлэхээр ажиллаж байхад хууль хяналтын байгууллагаас санаатайгаар шалган дарамталж хэргийг удаан шалгаж байна гэсэн гомдлыг гаргадаг.

Иймээс гомдолд дурьдагдсан үйлдэл нь иргэний харилцаа эсхүл эрүүгийн гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг тогтооход ихээхэн төвөгтэй байдал үүсдэг.

Гомдол мэдээлэл гаргагчаас иргэний шүүхэд хандахад нэхэмжлэлийн төлбөр шаардах, нотлох баримтыг өөрөө цуглуулж өгөх гээд удаашралтай явагддаг гэх мэт шалтгаануудын улмаас аль болох цагдаагийн байгууллагаар шуурхай шалгуулж холбогдогч этгээдээс хохирлоо богино хугацаанд гаргуулан авах сонирхол давамгайлсан байдаг.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг сурталчлан

ажиллаж байгаа алба хаагчидтай уулзаж ярилцлаа

ШШГЕГ-ЫН ХАРЪЯА БАРИВЧЛАХ 431-Р АНГИЙН ДАРГА Ч.ЭНХБААТАР

Өнөөдөр Прокурорын байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд ШШГЕГ-ын харъяа Баривчлах 431-р ангийн бие бүрэлдэхүүн оролцож байна. Манай байгууллагын хувьд 1-6 сарын баривчлах ялтай хүмүүсийн ялыг эдлүүлдэг. Прокурорын байгууллагаас хуулиар хүлээсэн үүрэг, чиглэлийн дагуу 7 хоногт 1-ээс доошгүй удаа ирж ял эдлүүлэх үйл ажиллагаанд тасралтгүй хяналтаа тавьж ажилладаг. Мөн тэнсэн суллах, магадланд орж байгаа ялтнуудыг материалыг нь үзэж хянаад шүүхэд уламжилж өгдөг.

"Нээлттэй хаалга"-ны өдөрлөгийн арга хэмжээнд ирж оролцож байгаа иргэдийн зүгээс манай байгууллагтай холбоотой олон асуудал дээр хариулт авч байгаагаас харахад маш хэрэгтэй, цаг үеэ олсон ажил боллоо гэж үзэж байна.

Өдөрлөгийн арга хэмжээнд Прокурор Цагдаа болон хамтран оролцсон байгууллагуудын 150 гаруй ажилтан, албан хаагчид 1500 гаруй иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч гарын авлага, материал тарааж ажиллаж байлаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 10-Р ХОРООНЫ ИРГЭН Д.ЧУЛУУНЦЭЦЭГ

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас санаачлан зохион байгуулж байгаа энэ арга хэмжээ миний хувьд маш их үр өгөөжтэй байна. Ер нь бол иргэд бидэнд хуулийн мэдлэг байдаггүй учраас бусдад хууртаж эд зүйлээ алдах асуудал их гардаг. Миний хувьд ч бас өнөөдөр өөрт тулгамдсан асуудлаараа зөвлөгөө авлаа. Учир нь Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн ажилтан С гэгч төсөл бичиж оруулж өгнө гэж надаас 3 сая төгрөг залилаж авсан юм.

Энэ асуудлаа би Цагдаагийн 2-р хэлтэсд шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан ч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гээд шийдвэрлэж өгөөгүй юм. Гэтэл өнөөдөр би энд ирж зохих хүмүүстэй нь уулзан тухайн хүнээсээ мөнгөө хэрхэн авах талаар маш хэрэгтэй зөвлөгөө авлаа.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 10-Р ХОРООНЫ ИРГЭН н.МААЯА

Би Хан-Уул дүүргийн 10-р хорооны хэсгийн ахлагчийн ажил хийдэг. Өнөөдрийн арга хэмжээнээс би өөрийн багт амьдардаг орон байрны асуудалтай иргэнийхээ төлөө зөвлөгөө авлаа.

Шүүх, прокурорын байгууллага шийдээд өгсөн ч тухайн хүн маань ах дүү, хамаатан садан байхгүй болохоор цаад хүн нь үл ойшоож байраа чөлөөлж гарч өгөхгүй байгаа асуудал юм. Мэргэжлийн байгууллагын хүмүүс надтай маш сайхан харьцаж хэрэгтэй зөвлөгөө өглөө. Энэ арга хэмжээны үеээр надаас өөр олон хүн тусламж авч байгаа гэдэгт найдаж байна.