УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ТУСЛАХ Г.ГАНЗОРИГ ТУРКИЙН СТАМБУЛ ХОТОД БОЛСОН ХУРАЛД ОРОЛЦЛОО

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ТУСЛАХ Г.ГАНЗОРИГ ТУРКИЙН СТАМБУЛ ХОТОД БОЛСОН ХУРАЛД ОРОЛЦЛОО

 

Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг 2016 оны 10-р сарын 17, 18-ны өдрүүдэд Туркийн Стамбул хотод Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы ивээл дор зохион байгуулагдсан Олон Улсын Эрх зүйн их хуралд оролцоод ирлээ.

Тус арга хэмжээ нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид 2 дахь удаагаа оролцож байгаа юм.

"Эрх зүйн хамтын ажиллагаа, шүүн таслах ажиллагааг сайжруулах, эвлэрүүлэх, арга хэлбэрийг хэрэглэх нь" сэдэвт нэгдсэн хуралдаанд 46 орны 500 орчим төлөөлөгчид оролцсоны гадна Турк, Азарбажен, Афган, Сомали зэрэг улсуудын хууль зүйн сайд нар хүрэлцэн иржээ.

Хурлын арга хэмжээг Туркийн ЕрөнхийлөгчЭрдоган нээж үг хэлж, хуралдаанд оролцогчдод амжилт хүссэн байна.

Энэ үеэр Улсын Ерөнхий прокурорын туслах Г.Ганзориг "Эвлэрэх, тохиролцох арга хэлбэрийг эрүүгийн шүүн талсах ажиллагаанд хэрэглэх тухай" сэдвээр салбар хуралдаанд илтгэл тавьж оролцлоо.

Хурлын дараа тэрээр Туркийн Ерөнхий прокурор Мехмет Акаркатай уулзалт хийж, Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн мэндчилгээ, урилгыг дамжуулсны гадна 2013 онд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу өмнө нь үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн харилцаагаа үргэлжлүүлж Монголын прокуроруудыг Туркэд сургалтанд оролцуулах, Монголын хуулийн байгууллагын нэгдсэн сүлжээг байгуулах үйл ажиллагааны талаар танилцуулж, Туркийн Эрх зүйн тогтолцооны нэгдсэн сүлжээ /National judiciary informatics system (UYAP)/-ийн туршлагыг судалж, прокурор, ажилтныг энэ чиглэлээр сургах талаар хүсэлт тавьж, санал солилцон ярилцжээ.

Туркийн Ерөнхий прокурор Мехмет Акарка, Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн мэндчилгээ, урилгыг талархаж хүлээн авч байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын прокурорын байгууллагад бүхий л талын тус дэмжлэг үзүүлж, цаашид идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Улсын Ерөнхий прокурорын туслах Г.Ганзориг албаны уулзалтаа үргэлжлүүлэн Туркийн Эрх зүйн академийн ерөнхийлөгч Ялмаз Аксилтай тус академи дээр Монголын прокуроруудад зориулан явуулж байсан богино хугацааны сургалтыг үргэлжлүүлэх ажлын хүрээнд 2016 онд багтаан сургалтыг зохион явуулахаар ярилцан тохиролцжээ.

Түүнчлэн Монголын прокуроруудаас эрдмийн зэрэг цолтой прокурорууд тус академи дээр лекц, сургалт явуулах, тэдний бичсэн эрх зүйн сэдэвт, өгүүлэл, нийтлэлийг, тус академиас эрхлэн гаргадаг сэтгүүл, сонинд нийтлүүлэх, эрх зүйн сэдвээр хамтран судалгаа хийх, сургагч-багш бэлтгэх урт хугацааны сургалтанд хамруулах зэрэг асуудлаар ярилцсан байна.

Энэ ажлын хүрээнд тухайн улсад сургагч-багш бэлтгэх урт хугацааны сургалтанд хамрагдаж ирсэн прокурорууд "Прокурорын сургалтын төв" дээр бусад прокурорууддаа сургалт явуулах юм.

Ийнхүү хурлын арга хэмжээнд оролцохоор Туркийн Стамбул хотыг зорьсон Улсын Ерөнхий прокурорын туслах Г.Ганзориг албан хүмүүстэй олон чухал уулзалтыг зохион байгуулж аяны богц дүүрэн эх орондоо ирлээ.