Тус аймгийн прокурорын газар 2000 оноос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн прокурорын газартай найрсаг харилцаатай байгаа бөгөөд 2001 онд Аймгийн прокурор Ш.Эрдэнэбилэгээр ахлуулсан аймгийн прокурорын газрын төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шилийн хотод очиж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын байцаах хорооны Шилийн гол аймаг дахь хуваарь хорооны дарга, Монгол улсын Дорноговь аймгийн прокурорын газрын анхны уулзалтын тэмдэглэл үйлдэж харилцан гарын үсэг зурсан түүхэн уламжлалтай бөгөөд 2006, 2013 онуудад харилцан айлчилж хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болсон Дорноговь аймгийн прокурорын газар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн прокурорын газрын прокуроруудын "Уулзалт”-ын ажиллагаанд аймгийн прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх С.Цэрэнсамбуу, Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын ахлах прокурор хууль цаазын ахлах зөвлөх С.Цэрэндалай, аймгийн прокурорын газрын туслах прокурор, Тамгын хэлтсийн дарга Ж.Айжуу, туслах прокурор хууль цаазын ахлах зөвлөх Г.Ганцэцэг, хяналтын прокурор хууль цаазын зөвлөх Д.Дэлгэрбаяр, Б.Батбаяр, Ө.Мөнхнавч нар оролцож Дорноговь аймгийн прокурор С.Цэрэнсамбуу болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн прокурорын газрын дарга ТIAN ZHONG BAO нар харилцан танилцуулга хийжээ. Уулзалтын хүрээнд Дорноговь аймгийн прокурорын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн прокурорын газар "Уулзалтын тэмдэглэл”-ийг үйлдэж Хятад, Монгол хоёр улсын уламжлалт нөхөрлөл ба хоёр улсын нөхөрсөг харилцааг тасралтгүй хөгжүүлж, ялангуяа хоёр улсын хилийн дагуу нутаг дэвсгэрт хууль журам сахиулах ажиллагаанд прокурорын байгууллагууд хамтран ажиллах шинэ чиг хандлага хөгжиж байгааг тэмдэглэжээ.
Мөн хоёр тал цаашид хамтын ажиллагааг улам хөгжүүлж, нөхөрлөлөө бэхжүүлсэн, үр бүтээмжит арга барил, туршлагаа харилцан солилцож хамтран ажиллахыг онцлон авч үзсэн байна.
Энэ удаагийн уулзалтаар 2 орны иргэдийн эрх ашгийг хамгаалж, гэмт хэрэгтэй тэмцэх, "БНХАУ-ын Ардын Дээд байцаах хороо болон Монгол Улсын Ерөнхий прокурорын хамтран ажиллах хэлэлцээр”-ийг мөрдөж, Хятад ,Монгол 2 орны ард түмний уламжлалт нөхөрлөлийг бэхжүүлэн хөгжүүлж, Хятад улсын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг дахь Байцаах хуваарь хороо ба Монгол Улсын Дорноговь аймгийн Прокурорын газартай харилцан эрх тэгш, хамтран ажиллах харилцааг хөгжүүлэх, хоёр тал эрх тэгш, харилцан ашигтай байх суурин дээр хуульчдын ажлын мэдлэг, туршлагыг харилцан суралцаж, орон нутагт хамтран ажиллах журам тогтоох, хил орчим гарсан хэрэгт хуулийн дагуу харилцан туслалцах ажлыг Шилийн гол аймгийн Эрээн хотын Прокурорын газар, Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газарт хариуцуулан хуулийн хүрээнд хууль цаазын бичгийг солилцох, хоёр талаас албан бичиг боловсруулж гаргах, техник хэрэгслэлээр харилцан туслалцах, хоёр тал хил дагуу нутаг дэвсгэрийн Прокурорын байгууллагын хооронд хэрэг хамжилцан шийтгэх ажлыг журамлан зохицуулах, Шилийн гол аймаг ба Дорноговь аймгийн прокурорын газрын хооронд байгалийн үзэсгэлэнт газруудаар прокурор, ажилтнуудаа харилцан аялуулах ажлыг цаашид үе шаттайгаар зохион байгуулах, 2 аймгийн прокурорын газрын дарга нар жилд 1 удаа харилцан ажил хэргийн уулзалт хийж тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж тохирох зэрэг асуудлаар ярилцан тохирчээ. Уулзалтын тэмдэглэлд 2 аймгийн прокурорын газрын дарга нар гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
Мөн Шилийн гол аймгийн прокурорын газрын зочид төлөөлөгчид аймгийн прокурорын газарт зочилж, прокурор, ажилтнуудтай уулзаж харилцан ярилцжээ.
Зочдыг Хамарын хийд, дэлхийн энергийн төв, зэрэг Монгол орны байгалийн үзэсгэлэнт газраар аялуулсан байна.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн прокурорын газрын зочид төлөөлөгчид Улаанбаатар хотод ирж Нийслэлийн прокурорын газар болон Чингэлтэй дүүргийн прокурорын газраар зочилон ажил байдалтай нь танилцаж, сонирхсон асуултандаа хариулт авсан ба Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай тэдэнд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар харилцан санал солилцон ярилцлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба