Ховд аймгийн Прокурорын газраас 2016 оны IV улиралд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймгийн Зэрэг суманд 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, прокурор болон бусад хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх өдөрлөгийг зохион байгуулсан байна.
Уг арга хэмжээнд Ховд аймгийн Дарви, Чандмань, Манхан, Зэрэг, Мөнххайрхан сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид, иргэд, малчид оролцсон бөгөөд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнууд өөрсдийн байгууллагын үйл ажиллагааны талаар товч мэдээллийг уг арга хэмжээнд оролцсон 5 сумын ард иргэдэд танилцуулжээ.
Аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн Ховд аймгийн болон дээрх 5 сумдын 2016 оны эхний 10 сарын эрүүгийн нөхцөл байдал, туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Г.Баяраа Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн талаар тус тус мэдээлэл хийж, асуулт, хариулт, танин мэдэхүйн "АХА” тэмцээнийг өдөрлөгт оролцсон иргэдээс 50 иргэний дунд зохион байгуулсан байна.
Мөн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай тэмцэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын, Авлигын эсрэг, Тамхины хяналтын тухай хуулиудын хэрэгжилт орон нутагт ямар байгаа, сайжруулах чиглэлээр цаашид юу хийх шаардлагатайг харуулсан жүжигчилсэн тоглолт, ханын сонин, шог дууны уралдаан, гарын авлагын танилцуулга зэрэг номеруудаас бүрдсэн "ДЭВЖЭЭ” тэмцээнийг 5 сумын дунд явуулж, "Аха” болон "Дэвжээ” тэмцээнд 1, 2, 3 дугаар байр эзэлсэн хүн болон багуудад өргөмжлөл, мөнгөн шагнал, медаль гардуулж, батламж олгожээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба