ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЖЭЭ

A- A A+
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЖЭЭ

Хууль зүй дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн хамтран Хүүхдийн эрхийн хууль зүйн хороодын гишүүдийг чадваржуулах талаар уулзалт, зөвлөгөөн, сургалтыг Чингэлтэй дүүрэгт 2016 оны 11 дүгээр сарын 8,9-ний өдрүүдэд зохион байгуулсан ба Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд хамрагдаж байгаа Шүүх, Прокурор, Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаа, Эрүүл мэндийн төв, Боловсролын салбарын холбогдох 20 гаруй мэргэжилтэн хамрагджээ.
Тус арга хэмжээнд Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү, Хүүхэд, гэр бүл судлаач, доктор Х.Баавгай, Хүүхдийн эрхийн Үндэсний төвийн тэргүүн П.Цэвээн, "Эрч хүчтэй хүүхдүүд” Төрийн бус байгууллагын тэргүүн С.Цэмбэлмаа, хуульч Г.Оюунболд нар оролцож чиглүүлэгч багшаар ажилласан байна.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын туслах прокурор Г.Чагдар прокурорын байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийсний гадна насанд хүрээгүй этгээдээс үйлдэж буй гэмт хэргийг хэрхэн багасгах шалтгаан нөхцлийн талаар зөвлөгөөнд оролцож байгаа оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Энэ нь насанд хүрээгүй этгээдээс үйлдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох ач холбогдолтой зохион байгуулалтын ажил болсон бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуулийг улсын хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор дүүрэг тус бүрт Хүүхдийн хууль зүйн хороог шинэчлэн байгуулж байгаатай холбоотой юм.