Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд прокурорын байгууллагын үйл ажиллагааг таниулах, иргэдэд хүрч ажиллах, тэдний санал хүсэлтийг сонсох зорилгоор "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийн арга хэмжээг дүүргийн Цагдаагийн 1, 2, 3-р хэлтэс, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран 2016 оны 11-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд дүүргийн прокурорын газрын 35 прокурор, 15 туслах ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдан ажиллаж иргэдэд шаардлагатай мэдээллийг тасралтгүй хүргэсний зэрэгцээ тэдний санал хүсэлтийг бүртгэн авч зөвлөгөө өгөх, шийдвэрлэх боломжтой зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зэргээр ажиллаж байлаа.
Мөн энэ үеэр тус прокурорын газраас прокурор, цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол хэрхэн гаргах, өргөдөл, гомдолдоо ямар утга, санааг бүрэн тусгах, прокурор ямар эрх, үүрэгтэйгээр байцаан шийтгэх ажиллагаанд оролцдог, иргэний шүүх хуралдаанд прокурор хэрхэн яаж оролцдог, байцаан шийтгэх ажиллагааны оролцогчид зөрчигдсөн хэрхэн сэргээх талаар 10 гаруй нэр төрлийн гарын авлага, материал бэлтгэн тараалаа.
ӨНГӨРСӨН 10 САРААС ХОЙШ БУСДЫГ САНААТАЙ АЛАХ ГЭМТ ХЭРЭГ ЭРС ӨССӨН
Энэ үеэр бид Баянзүрх дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн туслах прокурор Б.Чинбаттай уулзаж дүүргийн эрүүгийн нөхцөл байдал болоод урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний талаар сонирхлоо.
Баянзүрх дүүрэг нь бусад дүүргүүдээс ялгагдах онцлогийн хувьд хүн амын нягтаршил ихтэй, төвлөрсөн томоохон үйлчилгээний газрууд /Нарантуул, Сандэй плаза/ үйл ажиллагаа явуулдаг зэргээс шалтгаалаад гэмт хэргийн гаралт харьцангуй өндөр байдаг.
2016 оны эхний 11 сарын байдлаар Баянзүрх дүүргийн прокурорын газарт гэмт хэргийн шинжтэй 16.000 орчим гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 6000 гаруйд нь эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Сүүлийн үед манай дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралт тэр дундаа хүн амины хэргийн гаралт нилээн өсөх хандлагтай байна. Тухайлбал өнгөрсөн 10 сараас хойш бусдыг санаатай алах гэмт хэрэг 10 гаруй үйлдэгдлээ. Тиймээс бид дүүргийнхээ 8 хороонд очиж ажиллан урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгч, иргэдтэй уулзах ажлуудыг хийж байна.
Түүнчлэн бид бусдын зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар хийх ажлын хүрээнд мөрдөн байцаалтын шатанд 1 тэрбум 800 сая төгрөгний хохиролыг төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах үүднээс хөрөнгө хамгаалах зорилгоор 1 тэрбум 600 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авч ажиллаж байна.
ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ТОХИОЛДОЛД 107, 108 ДУГААРЫН УТСАНД ХАНДАНА
БЗД-ЫН ЦАГДААГИЙН 1-Р ХЭЛТСИЙН ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮҮХДИЙН
ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АХЛАХ БАЙЦААГЧ, АХМАД Д.ОТГОНБАЯР
Ер нь иргэдийн хувьд цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлынхоо талаар буюу ямар байцаагчид хувиарлагдсан, хэд хоног дээр явж байгаа, шийдвэрлэлтийн талаар ихэвчлэн асууж байна.
Миний хувьд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дагнан ажилладагийн хувьд тэр чиглэлийн гарын авлага, материалыг түлхүү бэлтгэж ирсэн байгаа. Сүүлийн үед нийгэмд энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагтай байгаа учир урьдчилан сэргийлэхэд түлхүү анхаарч ажиллах зорилгоор бидэнд хандаж байгаа хүмүүст хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.
Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийллийн бас нэг гол хохирогч нь хүүхэд байдаг учраас тэдэнд өөрийгөө хамгаалахад туслалцаа болох үүднээс хүчирхийлэлд өртсөн тохиолдолд мэдээллээ 107, 108 дугаарын утсанд хандан өгч болох талаар мэдээллүүдийг ч өгч байна.
Гэр бүлийн хүчирхийлэл нь өөрөө цоожтой хаалганы цаана үйлдэгддэг нууц хэлбэрийн гэмт хэрэг учраас өөрсдөө л хандахгүй бол бид мэдэх боломжгүй байдаг.
Эхэндээ гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид энэ үйлдлийг хэзээ нэг өдөр зогсоно гэсэн хүлээлтээр эсвэл айдсаасаа болоод ч юмуу хуулийн байгууллагад хандах нь бага байсан бол сүүлийн үед нилээн илэн далангүй болж эхэлсэн нь бидэнд ирж байгаа өргөдөл, гомдол эрс ихэссэнээс харагдаж байгаа юм.
Хүчирхийллийн талаархи гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн аваад газар дээр нь очиж байдалтай танилцсаны дагуу эрсдэлийн үнэлгээ хийдэг. Ингээд хүчирхийлэгчийг саатуулах байранд хонуулж хэсгийн байцаагчид хүлээлгэн өгсөнөөр түүнийг өмнө нь ийм үйлдэл удаа дараа гаргасан дуудлага ирж байсан эсэх талаар мэдээллийн сангаас шүүгээд баривчлах, торгуулийн арга хэмжээ авах зэргээр асуудлыг шийдвэрлэдэг.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас зохион байгуулсан "Нээлттэй хаалга"-ны өдөрлөгийн арга хэмжээнд харьяа дүүргийн 300 гаруй иргэд хамрагдаж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллийг авлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба