Өмнөговь аймгийн Прокурорын газраас харъяалагдах сумдын Цагдаагийн хэлтэс, тасгийн алба хаагчидтай хамтарсан зөвлөгөөнийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан ба тус арга хэмжээнд Сум дундын прокурорын газрын нийт прокурорууд болон Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнууд, мөрдөн байцаагчид оролцож, өмнөх зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн биелэлт, үр дүнг тооцон дүгнэж ярилцсаны гадна хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанар, үр дүн, цаашид анхаарах асуудал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад учирч буй хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцон, цаашид анхаарах асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой шийдвэрүүд гарган, зөвлөгөөний үйл явцыг тэмдэглэлд тусгуулжээ.
Тус Прокурорын газар нь 2016 онд харьяа сумдын хэлтэс, тасгийн алба хаагчидтай хийх хамтарсан зөвлөгөөний хугацааг ойртуулж, 2 сар тутамд тогтмол зохион байгуулж ажилласан бөгөөд энэ удаагийн зөвлөгөөн нь оны сүүлчийн сард хийгдэж байгаа тул хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр 2016 онд дэвшүүлсэн бодлого, зорилт, мөн оны эхэнд хууль, хяналтын бусад байгууллагуудтай хийсэн хамтарсан зөвлөгөөнөөс гаргасан шийдвэр зэргийг хэрхэн хангаж ажилласнаа дүгнэжээ.
Тухайлбал : Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл шалгах болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хууль зөрчихгүй байх, хэргийг хуулийн үндсэн хугацаанд нь, бүрэн гүйцэд шалгаж шийдвэрлэж байх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны чанарыг сайжруулах, сөрөг үзүүлэлтийг бууруулах, хэргийг түдгэлзүүлэхийн өмнө хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн байх, түдгэлзүүлсэн хэргүүдийг сэргээн шийдвэрлэх талаар арга хэмжээ авах зэрэг зорилт, шийдвэрүүдийн хэрэгжилтийг тооцсон дүнг танилцуулан, 2017 онд Прокурорын болон Цагдаагийн байгууллага хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцжээ.
Энэ үеэр 2016 онд дэвшүүлсэн зорилго, зорилтыг дүүрэн хангаж, бусдыгаа хошуучлан ажилласан Цогтцэций сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Төгсбаяр, Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Гантулга нарт өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлээр гардуулан өгсөн байна.
Зөвлөгөөний төгсгөлд цагдаагийн алба хаагчдад ахлах прокурор Д.Энх-Оргил "Хойшлуулшгүй ажиллагаа явуулахад анхаарах асуудал”, хяналтын прокурор А.Амгалан "Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа” сэдвээр сургалт зохион байгуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба