Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2016 онд аймгийн хэмжээнд түлхүү үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд заасан "Бусдын эд хөрөнгийг хулгайлах", 215 дугаар зүйлд заасан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалсан ба энэ гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээриргэн, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулж ажиллажээ.
Мөн архи, согтууруулах ундаа худалддаг дэлгүүр, баар, цэнгээний газруудыг цөөрүүлэх, зөвшөөрөл олгохдоо тэдгээрийн байршил, өөр хоорондын зайг зохистой байхаар зохицуулж олгож байх талаар аймгийн Засаг даргад албан тоот хүргүүлсэн байна.
Түүнчлэн Цагдаагийн байгууллагатай хамтарч ерөнхий боловсролын сургууль, албан газруудад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар сургалт зохион байгуулж, иргэд тээврийн хэрэгсэл жолоодохдоо согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, замын бартаа саадтай хэсэгт анхаарал болгоомжтой явах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж байхыг онцгой анхааруулсан сэрэмжлүүлгийг орон нутгийн телевизээр нэвтрүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулан хийжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба