ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАЖЭЭ

Орхон аймгийн прокурорын газраас Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн ял шийтгүүлсэн бол уг ялыг эдэлж дуусах буюу ялаас чөлөөлөх хүртэл хугацаагаар гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх ажиллагаа хууль, тогтоомжид заасны дагуу хэрэгжиж байгаа эсэхийг батлагдсан удирдамжийн дагуу шалгажээ

Шалгалтын дүнг 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр аймгийн прокурорын туслах прокурор Э.Улаанаа аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газрын албан хаагч нарт танилцуулж, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны А/91 дугаар тушаалаар батлагдан "Прокурор хилийн хориг тавих, цуцлах журам”, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга нарын 2015 оны А/71, А/60, А/51, А/227 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Хилийн хориг тавих цуцлах журам”-ыг нэр мөр хэрэгжүүлэн ажиллах талаар үүрэг чиглэл өгч ажилласан байна.

Тус аймгийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн саналыг хүлээн авч 2016 оны эхний 11 сарын байдлаар 108 ялтанд хилийн хориг тавьсан байх ба 2015 онд хилийн хориг тавигдсан 7 иргэн, 2016 онд хилийн хориг тавигдсан 19 иргэнд тус тус хилийн хоригийг цуцлах тухай албан бичгийг Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлж ажиллажээ.