Г.ОЮУНБОЛД: ОДОО БАЙГАА 580 ХУУЛИЙГ ШҮҮЖ, ДАВХАРДАЛ ХИЙДЛИЙГ ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ

A- A A+
Г.ОЮУНБОЛД: ОДОО БАЙГАА 580 ХУУЛИЙГ ШҮҮЖ, ДАВХАРДАЛ ХИЙДЛИЙГ ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ

 

Бид салбар бүрийн тэргүүлэгчдийг "Leaderships forum”буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санааг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа "Leaderships forum”булангийн зочноор хуульч, гэмт явдал судлаач Г.Оюунболдыг урилаа.

 

 

БЛИЦ

Мэргэжил:

Хуульч

Боловсрол:

Цагдаагийн академи, Хүмүүнлэгийн ухааны их сургууль.

Ажлын туршлага:

Хуулийн байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байна. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, судлаач, Судалгааны төвийн эрхлэгч. Хуульзүйн яаманд ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга хийж байсан. Xуульч, прокурор.

Хууль тогтоомжийн хэрэгжилт, криминологийн тал руу тодорхой ажлууд хийгдэх ёстой гэж үздэг. Манай улсад 580 орчим хууль бий. Үүний 220 нь торгож шийтгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх зохицуулалттай. Улсын байцаагчийн эрх бүхий албан тушаалтнууд байгууллагын үйл ажиллагааг зогсоодог. Тиймээс ойрын хугацаанд хийх зайлшгүй ажил бол одоо байгаа хуулиудаа сайн шүүрдэж үзэх хэрэгтэй.

Эдгээр хуулиуд дээр хэрэгждэггүй, хэрэгжих боломжгүй заалт олон бий. Үндсэн хууль батлагдсанаас хойш гарсан хуулиуд олон янзын бичил техниктэй, өөр өөр харилцааг зохицуулсан байх жишээтэй. Тиймээс бүгдийг нь нэг стандартад оруулах, нэг хуулийн системээр шүүрдэж үзээд засч сайжруулаад явбал хууль эрхзүйн орчин маш сайн бүрдэнэ. 1990 онд гарсан хуулиуд их сонин стандарттай. 2000 оны эхэн үед батлагдсан 100 гаруй хууль, 2012 оноос хойш гарч байгаа хуулиуд гээд өөр стандартаар бичигдсэн 580 хуультай. Үүнийг системчлэх ажил байнга хийгдэж, холбогдох байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Эрхзүйн шинэчлэл нэг удаа хийгээд дуусчихдаггүй, үргэлжилж явсаар байгаад дараагийн шат эхэлдэг. 1992 онд Үндсэн хуулийг баталсны дараа түүнд нийцүүлэхийн тулд 100 гаруй хуулийг "янзалсан” байдаг. Хууль баталчихаад хаячихаж болохгүй цаг үетэйгээ уялдуулж сайжруулж, эргээд үнэлгээ хийж шинэчилж байх учиртай. Хууль сахиулдаг дэд бүтцээ хөгжүүлж байх ёстой.

Үйлдвэрлэл эрхэлж, баялаг бүтээж, татвар төлж байгаа аж ахуйн нэгжид бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлд хууль тогтоомжууд үйлчилж байж хөгжлийн гарц бий болно. Монгол залуу Америкт компани нээхэд нэг л өдөр шаардагдаж байна. Гэтэл манайд хуулийн этгээдийг бүртгэх үйл явц хэтэрхий удаан. Шат дамжлага, бүрдүүлэх баримт бичиг олон. Мөн компани байгуулсны дараа хуулиар ирэх дарамт ихтэй. Шүүхийн шийдвэргүйгээр улсын эрх бүхий байцаагч бүхэл бүтэн байгууллага, үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож байна. Энэ нь шүүхийн эрх хэмжээнээс давж, хүний өмч хөрөнгө рүү халдсан үйлдэл болдог. Өөрөөр хэлбэл, янз бүрийн хууль тогтоомжоор олгогдсон ийм олон эрхтэй. Тухайн компани байгуулагдсанаас хойш ямар хуулиудаар хэчнээн хяналт шалгалт ирж байна гэдэг нарийвчилсан тоог гаргаж үзвэл шал өөр дүр зураг харагдана. Ер нь компани байгуулагдсанаас хойш хуулиар ирэх дарамтаас эхлээд үндсэн бэрхшээлүүд эхэлдэг. Ашиг, эдийн засгийн үндсэн эх сурвалжгүй болчихоор компани цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Хөгжлийн гол хүчин зүйл нь үйлдвэрлэл эрхэлж байгаа хуулийн этгээд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд шаардагдах хуулиудаа бүхэлд нь судалж, цэгцлэх шаардлагатай. Ингэж байж үндэсний баялаг нэмэгдэнэ. Татварын хуулиар тодорхой үүрэг хүлээж байхад төрийн хяналт шалгалт маш их дарамт болдог. Эрхзүйн орчин тодорхойгүй болохоор хуулийн этгээд байгуулахгүйгээр хувиараа бизнес хийдэг байдал нэмэгдэж нууц далд, хууль бус орлоготой болно. Энэ нь яваандаа татвараас зайлах ч юмуу гэмт хэргийн шинжтэй болж байна. Хууль тогтоомжийн орчин бүрхэг байх тусам нийгмийн хөгжлийг хязгаарлана. Хууль нэмж батлахаас илүү одоо байгаа хуулиудаа шигшиж, баялаг бүтээгчдэд ирж байгаа дарамтаа багасгах хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл хууль тогтоомжийн давхардал хийдлийг арилгах ёстой. Хуульзүйн үндэсний хүрээлэн 4-5 жилийн өмнө хууль тогтоомжийн давхардлыг арилгах төсөл хэрэгжүүлсэн. Гарсан үр дүнгүүд дээрээ хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж чадаагүй. Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль батлан гаргах үйл явц илүү нарийн болсон. Хэсэг бүлэг хүний лобби, эрх ашигт нийцүүлэн хууль батлах үйл явцыг хязгаарлаж өгч байгаа. Судалгаа шинжилгээ, хэлэлцүүлэг зэргээр олон давхар шүүлтүүрт ордог. Дурын хууль төрөхгүй гэсэн үг. Хүний эрхийг хөндөж байгаа бол хуулиар асуудал нь шийдэгдэж байгаа хуулийн этгээдээс заавал саналыг нь асуудаг хэлбэр рүү энэ оны нэгдүгээр сарын 1-нээс шилжиж байгаа. Энэ үзэл санааг алдагдуулахгүйгээр сайн жишиг тогтоох хэрэгтэй. Хөгжлийн хүрсэн төвшнээс ухарч болохгүй.

XX ЗУУНЫ ТЕХНИК ХЭРЭГСЭЛТЭЙ XXI ЗУУНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДТЭЙ ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ

Гэмт явдал судлал буюу криминологийн шинжлэх ухаан нийгэмд гол үүрэг гүйцэтгэж байна. Аливаа улс орны хөгжлийг тодорхойлдог хамгийн гол шалгуур бол гэмт хэргийн гаралт байдаг. Гэтэл манай улсад жилдээ 26000 гэмт хэрэг бүртгэгдэж байна. Хорих байгууллагаар дамждаг буюу ял эдэлж байгаа хүний тоо 6000. Үүнээс харвал 100 мянган хүнд ногдох хоригдлын тоогоор муу үзүүлэлттэй, Азид Хятад улсын дараа орж байна. Гэмт хэргийн үнэмлэхүйн масс буюу 60-65 хувь нь хотод гарч байна. Тиймээс гэмт хэрэгтэй тэмцэх ухаалаг бүтэц, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөтэй ажлуудыг хийж чадах юм бол баялагаа хууль бус гэмт хэргийн орлого болгохгүй байх, хамгаалах эрхзүйн орчноо хэрэгжүүлэх шаардлага тавигдана. Цагдаагийн байгууллага тоног төхөөрөмжөө сайжруулах, хүчээ зузаатгахаас эхлээд наад захын шаардлага тулгарч байна. XX зууны техник хэрэгсэлтэйгээр XXI зууны зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдтэй тэмцэж чадахгүй. Модны хулгайч, гар аргаар алт олборлогчид цагдаа нараас илүү дэвшилтэт техник хэрэгсэлтэй болсон. Сансрын үүрэн телефон утас бариад явж байгаа зохион байгуулалттай хэрэгтнүүдтэй 2-3 км-ийн дотор барьдаг станцтай яаж тэмцэх вэ. Чадамжаа нэмж, бүртгэлээ сайжруулах хэрэгтэй байна. Зөрчил гаргасан хүний хурууг уншуулаад бүх мэдээллийг нь яагаад мэдэж чаддаггүй юм. Үсрэнгүй хөгжлийг гэртээ эдэлдэг мөртлөө хууль сахиулах байгууллагынх нь техник хэрэгсэл өрөвдөлтэй байна. 1990 онд байсан хүн хүчээрээ цагдаа, прокурор ажиллаж байхад хүн ам хэд дахин нэмэгдсэн. Ачааллаа дийлэхгүй, олон хэрэгт хүрч ажиллаж чадахгүй хугацаа давчуу байхад хуулийн байгууллага ажлаа хийхгүй байгаа мэт харагддаг. Нийгмийн хөгжлийг тодорхой төвшинд хүргэдэг, мөн сөргөөр харуулдаг зүйл бол гэмт хэргийн өсөлт. Энгийн жишээ хэлэхэд, бусад улс орон гэмт хэргийн газарзүйн зураглал үйлдэж иргэдэд зориулсан сайттай болсон байдаг. Иргэн хорооныхоо аль гудамжинд ямар хэрэг гарч байгаа, аль гарцан дээр хүүхэд дайруулж байгааг харах боломжтой. Мөн шинэ үеийн криминологийн аргууд гарсан. Бүртгэлийн системийг сайжруулах хэрэгтэй. Бүртгэгдсэн 26000 гэмт хэргээс гадна нуугдмал далд хэдэн гэмт хэрэг гарч байгааг мэдэхгүй. Эрүүгийн хэрэг үүсгэхгүй дараад өнгөрсөн гэмт хэрэг хэд байгааг индексээр тооцох аргачлал ч алга. Гэмт хэргийн бодит нөхцөлийг гаргаж чаддаг болохоос гадна цагдаа, шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэрэг Эрүүгийн хууль тогтоомж хэрэгжүүлдэг гол газруудад нэгдсэн бүртгэлийн болон үзүүлэлтийн систем хэрэгтэй. Цагдаа, прокурор, шүүхийн ажил дүгнэх үзүүлэлтэд зориулсан гэмт хэргийн тоон мэдээлэл хоорондоо өөр. Цагдаа, прокурор, шүүх гээд дамжаад явахад хэдэн хэрэг замаас нь алга болсон, яагаад алга болсныг мэдэх аргагүй. Цагдаад 26000 хэрэг бүртгэгдэхэд прокурорт эрүүгийн хэрэг үүсгэсэн тоо зөрүүтэй. Гэтэл шүүхээр 4000 хэрэг шийдвэрлэгдсэн байх жишээтэй. 22000 хэрэг хаачив гэдгийг бодитоор нь гаргах хэрэгтэй. Гэмт хэргийг бүрэн бодитоор нь хянаж чадсан улс орон хөгжиж байна. Нийгэмд шударга ёсыг сахидаг иргэд бий болж, гэмт хэрэг буурах тусам улс орны хөгжлийн төвшин нэмэгдэнэ. Дэлхийн улс орнуудыг хөгжлөөр нь жагсаадаг индексийн нэг үзүүлэлт нь гэмт хэрэг байдаг. Тэгэхээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны арга хэлбэр өөрчлөгдөх ёстой. Манайд өглөө хуралдаад үдээс хойш ажил эхэлдэг бол бусад оронд орой хуралдаад өглөө ажлаа хийдэг. Хүний биологийн цагийг тооцохоос гадна цагийн зохион байгуулалтаас эхлээд цагдаагийн байгууллагын олон нийттэй харилцах арга хэлбэр өөр болж байна. Тухайлбал, цагдаагийн байгууллагаас гаргасан PR нь "Хүүхдээ буруу зүйл хийвэл цагдаагийн ажилтан шоронд хийнэ гэж битгий айлгаж байгаач ээ. Аюул тохиолдсон үед бид тэдэнд туслахыг хүсч байна” гэсэн агуулгатай байна. Олон нийтэд гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц ийм энгийн арга үр дүнтэй байдаг төдийгүй цагдаагийн нэр хүндийг өсгөдөг. Гэтэл манайд сэрэмжлүүлэг явуулахдаа хуучин аргаар ажиллаж, зохиож байгаа аян нь торгож шийтгэх талаар анхааруулсан өнгө аястай байгаа нь энэ ажлыг улам гажуудахад хүргэдэг.

ХҮНТЭЙ АЖИЛЛАДАГ, ХАМГААЛЖ ЧАДДАГ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГЫН СИСТЕМ ХЭРЭГТЭЙ

Гэмт хэрэг үйлдсэний дараа бүгдийг нь шоронд хийдэг систем үр дүнгүй. Хулгай хийгээд шоронд орж гарч ирээд дээрэм хийдэг. Дахиж гарч ирээд хүн алсан жишээ ч байна. Арга хэрэгсэл нь улам харгис болж байна. Мэргэшсэн гэмт хэрэгтнүүд гарч ирээд онц аюултай хэрэг хийж байна. Гэтэл бусад улс орнууд Эрүүгийн хууль тогтоомжоо шинэчлэхдээ хүнийг шоронд хийхгүй, онц ноцтой биш бол хуулийн систем нь эхлээд хүнтэйгээ ажилладаг. Хохирлыг нь төлүүлэхээр хугацаа өгч гэм хорыг нь арилгуулахдаа хяналт тавьдаг. Шууд ял өгчихөөр тухайн хүн эвдэрнэ, алдаагаа ухамсарлахгүй. Ер нь хөнгөн, хүндэвтэр хэрэгт хүнийг заавал шоронд хийлгэх сонирхолтой хүмүүс бага. Хохирогч хохирлоо л барагдуулж авахыг хүсдэг. Гэтэл шууд шоронд хийчихээр хэрэгтэн нэгэнт ял эдлэх юм бол хохирол төлж яах юм бэ гэсэн хандлагатай байдгаас гэмт хэргийн ихэнх хувийнх нь хохирол барагддаггүй. Хүнтэй ажилладаг, хүнийг хамгаалж чаддаг эрүүгийн хариуцлагын систем хэрэгтэй. Одоо хэрэгжих Эрүүгийн хуульд үүнийг суулгаж өгсөн. Жилдээ 1000 хүн суллагдаж гарч ирээд дахиад шоронд ордог. Манайх шиг 2000 хүн суллачихдаг Өршөө­лийн хуулиар асуудлаа шийдвэрлэдэг улс орон байхгүй. Анхнаасаа тухайн хүнтэй ажилладаг систе­мийг хийснээр дахиад гэмт хэрэгтэн болох замыг хаадаг.

Бусад улс орон хууль сахигч иргэнээ цэцэрлэгээс нь бэлтгэдэг. Хүнтэй мэндлүүлж, хувцсыг нь эвхүүлж, худлаа ярихгүй болгож сургадаг. Хүч хэрэглэхгүй байх хандлагыг багаас нь төлөвшүүлдэг. Цэцэрлэгээс эхэлсэн үр дүн 10 жилийн дараа хэрхэн гарч байгаа хандлагыг улс орнууд тооцож байна. Яагаад гэмт хэрэг гарч байна гэдгийг судалчихаад уг үндсийг нь арилгаж, суурь шалтгаанаас нь эхлэн тэмцэж байна. Ганцхан жишээ хэлэхэд, бид гэр бүлийн хүчирхийллийг нэлээд хэдэн жилийн өмнө зөрчил, гэмт хэрэг гээд тооцчихсон бол одоо гарч байгаа 100 мянган хэргийн 40 хувийг эзэлж байгаа гэр бүлийн хүчирхийлэл гарахгүй байлаа. Нийгэм хүртэл өөр байх байсан. Хүнтэй ажилладаг сис­тем байхгүй учраас гэр бү­лийн хүчирхийлэл улам далд хэлбэр рүү ор­сон. Бид уламжлалт арга­тай­гаа зууралдаад 50 жил болж байхад бусад улс орон энэ хугацаанд асууд­лаа аль хэдийнэ шийдвэрлэчихсэн.

ХАР ЖАГСААЛТАД ОРЧИХВОЛ ГАДААД ХӨРӨНГИЙГ ЦАРЦААДАГ

Монгол Улсад орж байгаа хөрөнгө оруулалтын хэд нь гэмт хэргийн замаар алга болж байна. Хууль бус хөрөнгийг ил болгож, олж авах ёстой. Энэ бүхэн улс орны хөгжилд нөлөөлдөг. Бусад улс орон яагаад Авлигатай тэмцэх газар байгуулдаг юм. Гаднаас орж ирж байгаа зээл тусламж, төрийн өмчийг шамшигдуулж байгааг илрүүлж хязгаарлахын тулд газар нэгж байгуулж байна. Бусад улс орон Монгол Улсад хөрөнгө оруулбал авлигад зарцуулаад төрийн систем нь алга болчихгүй юм байна гэсэн итгэл үнэмшилтэй байх ёстой. Хууль шүүхийн найдвартай системийг сайн хийж байж хөрөнгө оруулалтыг татна. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч байгаа нь санхүү эдийн засгаас гадна Эрүүгийн хуультай холбоотой. Олон Улсын валютын сангийн шинжээчид, дэлхийн банкныхан ирээд мөнгө угаах гэмт хэрэг, шинэ төрлийн гарч байгаа санхүүгийн луйвар, дотоод мэдээллийг урвуулан ашигладгийг Эрүүгийн хуульдаа тусгасан юмуу, хуулийн этгээдэд хариуцлага тооцохоор заасан юмуу гэх зэргээр конвенциороо шахдаг. Хэрэв шаардлагыг Эрүүгийн хуульдаа тусгаагүй бол зээлжих зэрэглэл буурч, хар жагсаалтад оруулдаг. Гэтэл бид санхүү эдийн засгийн хөгжлийн тухай яриад байдаг мөртлөө хуулийн хариуцлагын систем муугаас болж зэрэглэл буурдаг. Эндээс харагдаж байгаа зүйл бол эдийн засаг татвараас гадна хуулийн систем Монгол Улсын эдийн засаг, гадны хөрөнгө оруулалтад хамаатай. 2014 онд одоогийн Эрүүгийн хуульд дөрвөн төрлийн хэрэг нэмж байж саарал жагсаалт руу орсон. Хар жагсаалтад орчихвол гадаадад суудаг Элчин сайдын яамдаас эхлээд дансаа хаалгана. Тийшээ шилжсэн хөрөнгийг нь царцаачихдаг. Хууль, эрүүгийн хариуцлагын системд орчин үеийн конвенциор хүлээсэн үүргээ заавал оруулж, биелүүлэх ёстой. Ингэж байж эдийн засгийн янз бүрийн бойкотоос мултарна. Хууль хэр хэрэгжиж байгаагаас тухайн улсын хөгжлийн индексийг тодорхойлно.

Хууль шүүх нь шударга шийдвэрлэж чадахгүй бол тэр улсад хөрөнгө оруулах сонирхолгүй. Шүүхэд итгэхгүй учраас заавал Арбитрын шүүх буюу олон улсын шүүхээр маргаанаа шийдвэрлүүлнэ гэж гэрээндээ тусгаж оруулж ирдэг. Зөрчил гэмт хэргийг ялгадаг, авлигад хариуцлага тооцох чадвартай хуулийн системтэй бол гадны хөрөнгө оруулалтын нэг эрсдэл буурч байна гэж үздэг. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хэдэн удаа өөрчлөгдөв. Хөрөнгө оруулагчдын хувьд баталгаатай бус болж байна. Хууль эрхзүйн тодорхойгүй, хуулийн систем эрсдэлтэй орчинд хөрөнгө оруулахыг хэн ч хүсэхгүй.

Улс орны хөгжлийн шаардлагыг хангадаг хамгийн гол зүйл бол хууль засаглалын орчин. Хууль дээдлэх эрхзүйт ёсны тогтолцоо нь хэр байгаа вэ гэдэгт оноо өгч байж тухайн орны хөгжлийн төвшинг тодорхойлно. Гэмт хэрэг судалдаг хүний хувьд хөгжлийн гарц гэхээс илүү хөгжлийн үзүүлэлтүүдээ эерэг болгохын тулд хууль тогтоомж болон гэмт хэрэгтэй тэмцдэг тогтолцоо, бүтцээ илүү хөгжүүлж байж хөгжлийн үзүүлэлт ахина. Үүнийг шийдвэрлэж чадаагүй цагт дэлхийн эрэмбээр урагшлахгүй. Ололтуудаасаа ухрах ёсгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль хэрэгжээд эхлэхээр дараа жил 30-40 мянган хэрэг гарсан мэт харагдаж болно. Гэмт хэргийг бодитоор нь гаргаж тавьчихаад тэмцэх болохоос нуучихаад, тоо нэмж болохгүй гэдэг тогтолцоо байдаггүй. Нэмэг­дэж болно боди­той л байх ёстой. Энэ мэтээр хуульзүйн сис­тем, тогтолцоо эрүүл байх ёстой. Хуульзүйн систе­мийн тогтолцоог эрүүл болгож чадвал Монгол Улсад хөгжлийн гарц, индекс, засаглал, хууль дээдлэх ёсны үзүүлэлтийг дээш нь болгож чадвал хөгжлийн гарц нэмэгдэнэ.

ЭХ СУРВАЛЖ - "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН