МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРТОЙ КУБА УЛСЫН ЭЛЧИН САЙД УУЛЗЛАА

A- A A+
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРТОЙ КУБА УЛСЫН ЭЛЧИН САЙД УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд,ноён Раул Делгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Раул Делгадо Консепсион 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид "Итгэмжлэх жуух бичиг”-ээ өргөн барьсантай холбогдуулан төрийн өндөр, дээд албан тушаалтнуудтай ёслолын уулзалт хийж байгаа ажээ.

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ноён Раул Делгадо Консепсионид Элчин сайдаар томилогдон Монгол Улсад ажиллах болсонд баяр хүргээд 2 орны харилцааг цаашид өргөжүүлэн, хөгжүүлэх үйлсэд нь амжилт хүслээ.

Уулзалтын үеэр Элчин сайд Раул Делгадо Консепсион Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өөрийн улсын Ерөнхий прокурор Дарио Дэлгадо Курагаас ирүүлсэн Гавана хотноо 2018 оны 3 дугаар сард зохион байгуулагдах "Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаан" олон улсын XIV чуулга, уулзалтын урилгыг гардуулан өгөв.

Ёслолын уулзалтад Монгол Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг байлцлаа.

Куба Улс нь Америк тивийн улс орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс бөгөөд 1960 оны 12 дугаар сарын 07-нд дипломат харилцаа тогтоосон байна.