Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Монгол Улсын прокурорын байгууллага, Бүгд Найрамдах Солонгос Улсын прокурорын байгууллагын хамтын ажиллагаа өргөжиж байгааг дурдаад, БНСУ-ын прокурорын байгууллагын дэргэдэх "Хууль зүйн хүрээлэн"-тэй хамтран ажиллаж, КОЙКА байгууллагын чиглэлээр явагддаг сургалтад прокуроруудаа хамруулж, Солонгос Улсын хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулсан нь үр дүнтэй, чухал ажил болсныг тэмдэглэн хэллээ.
Цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, Монгол Улсын прокуроруудыг Солонгос Улсын прокурорын байгууллагын дэргэдэх "Хууль зүйн хүрээлэн"-гийн сургалтанд хамруулах, мөн тус хүрээлэнгээс багш, мэргэжилтэнгүүдийг урьж Монгол Улсад сургалтыг зохион байгуулах шийдэл байж болох талаар санал тавилаа.
Элчин сайд У Сун нь хэлсэн үгэндээ 2014 онд Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Солонгосын "Хууль зүйн хүрээлэн"-тэй хамтран ажиллах "Санамж" бичиг байгуулсан нь манай 2 улсын хуулийн байгууллагуудын үйл ажиллагаа өргөжих зам нээгдсэн гэдгийг онцоллоо.
Түүнчлэн Койка Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын зүгээс хуулийн байгууллагын ажилтнуудад сургалт явуулах замаар маш их дэмжлэг үзүүлж, Монгол, Солонгос хоёр орны хууль, хяналтын байгууллагыг холбож өгч байгааг хэлээд Монгол Улсын Ерөнхий прокурорын зүгээс тавьсан санал, хүсэлтийг Койка-ийн Олон Улсын хамтын ажиллагааны төв байгууллагад уламжлахаа илэрхийлэв.
Уулзалтад Ерөнхий прокурорын туслах прокурор, Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг байлцлаа.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба