Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас санаачлан Мандал сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтарч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай тэмцэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоо, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор сумын хэмжээнд "ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН” аяныг эхлүүлжээ.
Тус аяны туг болон дэвтрийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдээр аялуулах ажлыг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлүүлж Улаанбаатар төмөр замын харьяа Зүүнхараа ачааны вагон депогийн хамт олонд Мандал сумын ИТХ-ын дарга бөгөөд ГХУССЗ-ийн дарга Б.Ганболд, ГХУССЗ-ийн гишүүн Ахлах прокурор Б.Эрхэмбаатар, ГХУССЗ-ийн гишүүн Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга Ц.Ганболд нар гардуулан өгчээ.
Аяны албан ёсны нээлтийг 2017 оны 02 сарын 08-ны өдөр 14 цагаас тус сумын "Мөнгөн хараа” дуу бүжгийн чуулгад зохион байгуулж бүх ард иргэдийг оролцуулахаар төлөвлөжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба