“БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ХУЛГАЙЛАХ” ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХИ ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДЛЫГ СУДАЛЖЭЭ

A- A A+
“БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ХУЛГАЙЛАХ” ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХИ ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДЛЫГ СУДАЛЖЭЭ

Завхан аймгийн прокурорын газар 2016 онд хүлээн авсан гэмт хэргийн талаархи нийт гомдол, мэдээллээс "Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг түүвэрлэж тухайн төрлийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэсэн байдлыг судалжээ.

Тус аймгийн прокурорын газарт 2016 онд нийт 452 гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авч 183 гомдол, мэдээлэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж, 261-д нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 2-г харъяаллын дагуу шилжүүлж ажиллажээ.

Судалгаагаар:

Дээрх хүлээн авсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллээс 117 гомдол, мэдээлэл буюу 25.9 хувь нь "Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл эзэлж байх 56 буюу 47.8 хувь нь орон байр, агуулах саванд нэвтрэх аргаар хүн ам ихээр төвлөрсөн бүс нутаг буюу Улиастай суманд шөнийн 2200-0600 ихэвчлэн үйлдэгджээ.

Дээрх 117 гомдол, мэдээллийг шалгах явцад 51 үйлдлийн эзэн холбогдогчийг олж тогтоосон нь нийт гомдлын 43.9 хувийг эзэлж байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 61 тохиолдлын 48 буюу 78.7 хувийг Эрүүгийн хуульд заасан "Багабус” хэмжээний хохирол буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй, 2 буюу 3.3 хувийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 3 буюу 4.9 хувийг эрүүгийн хариуцлагын насны хязгаарт хүрээгүй, 8 буюу 13.1 хувийг гэмт хэрэг, зөрчил гарсан нь тогтоогдоогүй байна.

Харин Эрүүгийн хэрэг үүсгэсэн 55 тохиолдлын 16 буюу 29 хувийг шүүхэд шилжүүлж, 13 буюу 23.7 хувийг хохирогч нь яллагдагчтай эвлэрсэн үндэслэлээр, 1 буюу 1.8 хувийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2 буюу 3.6 хувийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 17 буюу 31 хувийг сэжигтэн, яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүй үндэслэлээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд энэ байдал нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдвал зохих этгээдийг бүх арга хэрэгслээр олж тогтоох хуулиар хүлээсэн үүргээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаагч, цагдаагийн байгууллагын бусад алба хаагч нараас хангалтгүй хэрэгжүүлж байгаа нөхцөл байдал харагдаж байгаа юм.

Судалгаагаар тогтоогдсон дээрх болон бусад нөхцөл байдлыг прокуроруудаар хэлэлцүүлсний гадна тус аймаг дахь Цагдаагийн газар болсон хэсгийн төлөөлөгч нарын уулзалт, зөвлөгөөн дээр мэдээлэл тавьж,судалгаагаар тогтоогдсон зөрчил дутагдал, түүнд нөлөөлсөн шалтгаан, үндэслэлийг арилгуулах, дахин давтан гаргуулахгүй байхад чиглэгдсэн удирдлага, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээнүүдийг хийлгүүлэхээр прокурорын шаардлага хүргүүлж ажилласан байна.