Налайх Дүүргийн ГХУСАЗЗ-ийн хуралдаан энэ сарын 03-нд болж тус прокурорын газраас 2016 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын талаар танилцуулсан байна.
Налайх дүүргийн хэмжээнд 2016 онд гэмт хэргийн гаралт өмнөх оноос 15,6 хувиар өссөн байна. Иймд Дүүргийн прокурорын газраас доорхи саналуудыг гаргаж, ГХУСАЗЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна.
1. 2017 оныг тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах жил болгон зарлаж, төлөвлөгөө гарган айл өрх, аж ахуйн нэгж байгууллагыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гарын авлага, хэвлэмэл хуудас тараах, самбар байршуулах зэрэг арга хэмжээ авч, биелэлт, үр дүнг улирал, хагас бүтэн жилээр тооцох,
2. Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болж буй архидан согтуурах явдлыг багасгах зорилгоор согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгийн тоог хүн амын тоонд нийцүүлж бууруулах, согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгүүдэд шалгалт тооллогыг тогтмол явуулж, шаардлага хангаагүй дэлгүүр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах,
3. Дүүргийн Засаг дарга, ГХУСАЗЗ-ийн зүгээс хууль хяналтын байгууллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлыг тухай бүр дэмжин, зарим шаардлагатай тохиолдолд хамтарсан арга хэмжээ болгон төсөв санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлж, үр дүнг тооцож байх зэрэг санал гаргаж, хэлэлцүүлснээр Дүүргийн ГХУСАЗЗ-ийн 2017 оны төлөвлөгөөнд зарим асуудлыг тусгуулахаар шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба