“ШҮҮХЭД ТӨРИЙГ ТӨЛӨӨЛӨХ ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
“ШҮҮХЭД ТӨРИЙГ ТӨЛӨӨЛӨХ ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР  СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛАВ

Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөний үеэр Улсын Ерөнхий прокуророос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Баянгол дүүргийн прокурорын газраас Шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын чиглэлээр 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр сургалтуудыг зохион байгуулжээ.

Дээрх ажлын хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын Газрын Сургалт судалгааны төвийн багш, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан хэргийн зүйлчлэлд анхаарах асуудлууд, өмчлөх эрхийн ойролцоо төрлийн гэмт хэргээс төсөөтэй ба ялгаатай тал” сэдвээр сургалт явуулсан байна.

Мөн энэ үеэр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152, 156, 148, 222, 223, 233 дугаар зүйлд заасан хэргүүдийн ялгагдах гол шинжүүдийн талаар, хэрхэн зөв зүйлчилж шүүхэд шилжүүлэх, гэм бурууг шүүхээр хэрхэн шийдвэрлэх талаар харилцан ярилцлага зохион байгуулж бодлогын өгөгдлийн дагуу сургалтанд оролцогчдыг яллах, өмгөөлөх талын байр сууринаас оролцуулсан үр дүнтэй ажил болжээ.

Түүнчлэн Улсын Ерөнхий Прокурорын Газрын дэргэдэх Сургалт судалгааны төвийн хяналтын прокурор, судлаач багш Г.Оюунболд "Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд болон бусад холбогдох хуультай уялдуулах шаардлага” сэдвээр сургалт явуулж, хүчирхийлэл нэг удаагийн, байнгын шинжтэйг ялгах, ямар байдлаар хүчирхийлэл илэрхийлэгдэж буй талаар харилцан ярилцаж, хороод хариуцсан хэсгийн байцаагч нарын зүгээс асуулт асуух, санал солилцох хэлбэрээр явагджээ.

Сургалтанд Баянгол дүүргийн прокурорын газрын нийт прокурор, туслах ажилтнууд болон Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч нарын 80 гаруй хүн хамрагдсан байна.