Улсын Ерөнхий прокурорын газраас жил бүрийн сар шинийн босгон дээр тус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүндэтгэн, хүлээн авдаг уламжлалтай.
Уламжлалт арга хэмжээний өмнө XVII дугаар жарны "Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярыг угтаж, Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газар, Ахмадын холбоотой хамтран ахмадуудын дунд шатар, даам, ширээний теннисний тэмцээн зохион байгууллаа.
Тэмцээнд 30-гаруй ахмад прокурор, ажилтнууд оролцож, оюун ухаан, хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.
Эрэгтэйчүүдийн шатрын тэмцээний төрөлд:
1-р байр - Шатрын спортын дэд мастер - Ж.Энхнасан /ахмад прокурор/
2-р байр - Ахмадын холбооны дарга Г.Бадамханд /ахмад прокурор/
3-р байр - Т.Сүхбаатар /ахмад прокурор/
Эмэгтэйчүүдийн даамны тэмцээний төрөлд:
1-р байр - М.Дэлгэрнасан /ахмад прокурор/
2-р байр - н.Мягмарсүрэн /ахмад ажилтан/
3-р байр - М.Туяацэцэг /ахмад прокурор/
Эрэгтэйчүүдийн ширээний теннисний төрөлд:
1-р байр Х.Алтанзүрх /ахмад прокурор/
2-р байр - н.Цогтдэлгэр /ахмад ажилтан//
3-р байр - Ц.Тогтохбаяр /ахмад ажилтан/
Эмэгтэйчүүдийн ширээний теннисний төрөлд:
1-р байр - М.Туяацэцэг /ахмад прокурор/
2-р байр - Т.Туул /ахмад прокурор/
3-р байр - Л.Долгор /ахмад прокурор/ нар тус тус байр эзэллээ.
Түүнчлэн шүүгчдийн саналаар Шатрын тэмцээнд амжилттай оролцсон ахмад ажилтан Б.Магсарт тусгай байрын шагналыг гардуулан өглөө.
Тэмцээний үеэр бид зарим ахмадуудтай уулзаж, ярилцсан юм.
АХМАДЫН ХОЛБООНЫ ДАРГА Г.БАДАМХАНД
Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын удирдлага, Тамгын газраас ахмадууд бидний үйл ажиллагааг байнга дэмжиж, халамж анхаарлаа хандуулж байдагт их баярлаж байна. Ахмадын холбооноос ахмадуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч спортоор хичээллэх, байгууллагаас зохиож байгаа арга хэмжээнд оролцуулах тал дээр анхаарч ажиллаж байна.
Өнгөрсөн жил Ерөнхий прокурорын Биеийн тамир спортын зөвлөлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнд одоо ажиллаж байгаа прокурор, ажилтнуудынхаа нэгэн адилаар ахмадууд баг гарган оролцсон. Байгууллагын спортын зааланд ахмадуудыг спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 7 хоног бүрийн 6 дахь өдөр чөлөөт цаг гаргаж өгсөн.
Ер нь хөдөлгөөн бол эрүүл байхын үндэс гэдэг. Иймээс бидэнд олгож байгаа энэ сайхан боломжийг ашиглаад спортын дэд хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж ажиллахаар Тамгын газрын дарга Ц.Арвинбуудайтай ярилцсан. Тиймээс ахмадууд та бүхэн бидний зохион байгуулах ажил, арга хэмжээнд идэвхитэй оролцож байхыг хүсье.
Миний хувьд идэр залуу насандаа Их сургууль төгсөөд энэ байгууллагатай хувь заяагаа холбож байсан тэр цаг хугацаа ард хоцорчээ. Нэг л мэдэхэд ахмадуудын тоонд орчихсон явдаг юм байна. Хүний амьдралын л жам юм даа /инээв/
Байгууллага маань биднийгээ мартахгүй жил бүр урьж, хүндэтгэн, тэмцээн, уралдаан зохион байгуулж, хөгжөөж, шагнаж урамшуулж байгаад баяртай байна. Мэдээж одоо энд байгаа ахмадуудын төлөөлөл маань ч өнөөгийн удирдлагууддаа, хамт олондоо их баярлаж байгаа байх. Ер нь хүн ахмадын эгнээд орохоор маш бага юманд баярлаж, гомддог эмзэг болдог юм байна.
Бидэнд маш олон жилийн туршлага мэдлэг байна. Биднийг залууд залуу үеээ халамжлан хүмүүжүүлнэ гэдэг байсан даа. Үнэндээ бол одоогийн залуучууд бидний мэдэж байгааг мэдэхгүй, тэдний мэдэж байгааг бид мэдэхгүй байгаа. Тиймээс ажлын туршлагаа хуваалцахад бэлэн байна. Мэддэг зүйлээ хойч үедээ зааж сургана. Энэ тал дээр анхаарч биднээр дамжуулж сургалт, яриа хийлгэх ч юм уу мэдлэг, туршлагыг ашиглах хэрэгтэй байх гэж боддог.
АХМАД ПРОКУРОР Л.ЦЭНДОО
Таны хувьд хэдийнээс эхлэн прокурорын байгууллагатай ажил, амьдралаа холбосон талаар ярилцлагаа эхэлье.
1975 онд Хууль цаазын дунд сургууль төгсөөд 22 насандаа Өмнөговь аймгийн прокурорын газарт мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт эрхэлсэн туслах прокуророор томилогдсон. Прокурорын байгууллагад 34 жил ажиллахдаа бүх хяналтын чиглэлээр ажиллажээ. Ихэнх хугацаанд нь захиргааны болон эрүүгийн хэрэг бүртгэлтийн хяналт, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр ажилласан байна.
Тухайн үеийн хэрэг бүртгэлтийн хяналтын прокурорын ажлын онцлог юу байв.
1992 оны ЭБШХ-иар хэрэг мөрдөх ажиллагаа нь хэрэг бүртгэлтийн, мөрдөн байцаалтын гэсэн 2 үе шаттай байсан. Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад эрүүгийн хэрэг үүсгэн хойшлуулашгүй ажиллагааны журмаар сэжигтнээр тогтоох, гэрч хохирогчийг байцаах, шинжээч томилох зэрэг ажиллагаа явуулж, 14 хоноод мөрдөн байцаалтын ажиллагааг үргэжлүүлэн явуулдаг байлаа.
Хэрэг бүртгэлтийн ажиллагааны онцлог нь нийгмийн хор аюулаар бага, жижиг хэргийг аль болох богино хугацаанд зардал, чирэгдэл багатай шуурхай шалгаж шийдвэрлэх явдал юм. Хэрэг бүртгэлтийн хяналтын ажлын нэг хэсэг нь Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажилд тавих хяналтын ажил байсан.
Эрүүл ахуйн, халдвар судлалын алба, бүх шатны Засаг дарга, Татварын алба, Цэргийн штабын дарга, Замын цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны шийтгэврээр шийтгэл ногдуулсан бүх материалыг хянадаг, жилдээ хууль зөрчиж ногдуулсан 20 орчим шийтгэлийг хүчингүй болгуулж, эрхийг нь сэргээх ажил зохион байгуулдаг байлаа.
Сүүлийн жилүүдэд Захиргааны Зөрчлийн хэрэг бүртгэлт хийсэн материалыг толгой дараалан хянахаа больж зөвхөн гомдол гаргасан тохиолдолд хянадаг болсон нь хууль эрх зүйн мэдлэггүй, эрхээ хамгаалах чадваргүй хүмүүсийн хувьд хохирч үлдэх эрсдэлтэй шийдвэр болсон гэж үздэг.
Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын хувьд эрүүгийн ялаас гадна Захиргааны шийтгэлийн хууль зүйн үндэслэл болон баривчлах шийтгэл эдлүүлэх нөхцөл журам холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд анхаарал хандуулах шаардлагатай санагддаг.
Өмгөөллийн "Алтан зөвлөх" ХХН
Одоо та өмгөөлөгчөөр ажиллаж байна уу.
Өмгөөллийн "Алтан зөвлөх" ХХН залуучуудтай хамт ажиллаж байна. Манай нөхөрлөл "Мэргэжлийнхээ үнэт зүйлс, нэр хүндийг аливаа нэгэн ашиг хонжоо хайгч болон шударга бус этгээдийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх арга хэрэгсэл болгон ажиглуулахгүй, өөрсдөө ч тийнхүү ашиглахгүй" гэсэн эрхэм зорилгын дор үйл ажиллагаагаа явуулдаг. Мэдлэгтэй, чадвартай залуучуудтай ажиллаад их зүйл сурч байна. Манай прокурорууд зөвхөн хяналтын чиглэлээр хууль тогтоомжоос өөр хууль, журмыг тэр бүр мэддэггүй байсан байна. Өмгөөлөл гэдэг хууль эрх зүйн өргөн мэдлэг шаарддаг ажил. Прокурорууддаа хэлэхэд мэдлэгээ байнга дээшлүүлж, салбар, салбарын хууль тогтоомжийг судлах хэрэгтэй.
Ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсэн ерөөе.
АХМАД ПРОКУРОР Л.ДОЛГОР
Прокурорын байгууллагад ажил байсан цаг үеээ эргэн дурсаач сонин байх болов уу.
Би 1970 онд Монгол Улсын их сургуулийн хуулийн ангийг төгсөөд, Улаанбаатар хотын прокурорын газарт мөрдөн байцаагчаар томилогдон ажилласнаар ажлын гараа эхэлсэн. 1980 он хүртэл Улаанбаатар хотын прокурорын газарт ажиллаж байгаад Октябрийн районы прокурорын газарт тусгай хяналтын туслах прокуророор 10 жил ажилласан. Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газруудад ажиллаж байгаад 2009 онд гавьяаны амралтандаа гарсан даа.
Прокурорын байгууллагад нийт 39 жил ажиллахдаа мөрдөн байцаагчаар 10 жил, тусгай хяналтын прокуророор 12 жил, захиргааны хэрэг бүртгэлтийн прокуророор 10, ял эдлүүлэх хяналтын прокуророор 7 жил тасралтгүй ажиллажээ.
Таныг Монгол Улсын гавьяат хуульч, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн О.Лхамсүрэн гуайн охин гэдгийг мэднэ. Аавынхаа тухай дурсамжаа хуваалцаач.
Миний аав 1918 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Цэрэгт байхдаа бичиг үсэг, 4 аргын тоонд суралцсан нь чамгүй боловсролтойд тооцогдож, 1941 онд цэргээс халагдаж, Увс аймгийн прокурорт мөрдөн байцаагчаар томилогдсон байдаг.
Прокурорын мөрдөн байцаагчаас эхлээд Аймгийн прокурор, Улсын Ерөнхий прокурорын газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан. Прокурорын байгууллагад 43 жил тасралтгүй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад 1985 онд гарсан. Ажиллах хугацаандаа 32 жил аймгийн прокуророор тэр дундаа Төв аймгийн прокуророор 22 гаран жил ажилласан. Миний мэдэхийн хамгийн олон жил аймгийн прокуророор ажилласан хүн юм. Аавыг Төв аймгийн прокуророор ажиллаж байхад 1979 онд прокурорын байгууллагын хэмжээнд социалист хөдөлгөөнийг өрнүүлэх тухай Ерөнхий прокурорын тушаал гарч, Төв аймгийн прокурорын газар улсын хэмжээнд тэргүүлж, тэдний санаачлага, туршлагыг бүх прокурорын газрууд хэрэгжүүлэхээр Ерөнхий прокурор тушаал гаргаж байсан гэдэг. Мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдан зохион байгуулах гоц авьяастай хүн байсан гэдгийг хамт ажиллаж байсан хүмүүс нь дурсан ярьдаг.
Аав маань Монгол Улсын гавьяат хуульч цол хүртсэнээс гадна Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус бүр 2 удаа шагнагдсан. Бусад одон медалиар ч төр засаг харамгүй олон шагнасан даа.
Миний аав 1941 оноос 43 жил, би өөрөө 1970 оноос хойш 39 жил ажиллаад 2009 онд тэтгэвэрт гарсан гэхээр манай гэр бүл прокурорын байгууллагад 68 жил хүчин зүтгэсэн нь бахархалтай сайхан санагддаг. Надад аавын минь эдэлж хэрэглэж байсан эд зүйл, фото зураг гээд олон зүйл байдаг юм. 2015 онд болсон 85 жилийн ойгоор байгууллагынхаа музейд нэлээд зүйл өгсөн.
Намайг ажиллаж байх үед объект бүрээр нарийвчилсан судалгаа гаргаж хяналт тавьдаг байлаа. Ер захиргааны хэрэг бүртгэлтэнд тавих хяналт нь энгийн хүмүүстэй харьцдаг гэдэг утгаараа прокуроруудаас ёс зүй, хариуцлага их шаардана. Прокурор гэдэг нэрийг төрийн байгууллагуудын дунд өндөрт өргөж явах хэрэгтэй. Наад зах нь захиргааны журмаар хураагдаад ирсэн зүйлийг улсын байцаагч нар хямдхан зарна гэхэд шунал нь хөдөлдөггүй л байх хэрэгтэй./инээв/ Хураагдсан зүйлийн хадгалалт хамгаалалтанд их анхаарах хэрэгтэй байдаг.
Бид чинь объект бүр дээрээ очиж ажилладаг байлаа. Тухайлбал: жолоодох эрхээ хасуулж торгуулсан хүмүүсийн ялын биелэлтийг шалгахдаа Замын Цагдаагийн газрын архивт орж, эрхээ хасуулж, торгуулсан хүмүүсийн жолооны үнэмлэхийг нэг бүрчлэн тулгаж үздэг байлаа. Тэгж хяналт тавиад байхад л үнэмлэхийг нь өгөөд явуулчихсан тохиолдлууд гардаг л байсан юм даа.
Тиймээ. Бид чинь зүгээр сууж сураагүй хүмүүс. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд 43 жил амьдарч байна. Манай хорооны тэтгэвэртээ гарсан тогооч, эмч, хуульч ахмадууд нийлээд хорооныхоо иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, дасгал хөдөлгөөн заах, хоол хийх хичээл орох гээд чадах зүйлээрээ л тус дэм болдог. Мэдээж үнэ хөлсгүй. Гэхдээ Дүүргийнхээ Хөдөлмөр нийгэм халамжийн хэлтэстэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
Дурсамжтай сайхан ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Урт удаан наслахыг хүсэн ерөөе.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба