Шүүх хуралдаанаар бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан, иргэдийн эд зүйлийг хулгайлсан, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж авсан гэх үйлдлүүдтэй 12 холбогдогчтой хэргийг хэлэлцсэн байна.
Шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Мөнх-Эрдэнэ улсын яллагчаар оролцож, шүүхээс 7 шүүгдэгчид 2 жилээс 2 жил 1 сар хүртэл хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хуульд заасан үндэслэлээр тэнсэж хянан харгалзаж, 2 шүүгдэгчийг 4 сарын хугацаагаар баривчилж, 3 шүүгдэгчийг 2 жил 6 сараас 3 жил хугацаагаар хорих ял оногдуулж, шийдвэрлэжээ.
Уг арга хэмжээний үеэр иргэдэд аймгийн прокурор Ж.Уранцэцэг сумын эрүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, хяналтын прокурор Э.Гантулга Ерөнхий боловсролын сургуулийн 9, 10, 11, 12 дугаар ангийн 96 сурагчид "Харилцаа”, "Хулгайн гэмт хэрэг”, ”Гүтгэх болон Доромжлох гэмт хэргийн талаар" сургалт зохион байгуулсан байна.
Түүнчлэн иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч зөвлөгөө өгсний гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, хянан шийдвэрлэх, авилга, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зэрэг 420 гаруй гарын авлага тарааж ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба