“Тэнссэн ялтныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт, зөвлөгөөн боллоо

A- A A+
“Тэнссэн ялтныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт, зөвлөгөөн боллоо

 

Орхон аймгийн Прокурорын газраас санаачлан тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Баян-Өндөр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар зэрэг байгууллагатай хамтран "Тэнссэн ялтныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Энэхүү сургалтын зорилго нь баривчлах, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн ялтныг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан эрхээ эдлэх боломжоор хангах, түүнчлэн нийгмийн харилцаанд оролцох чадавхыг дэмжихэд оршиж байгаа юм байна. Дээрх сургалтаар Орхон аймгийн орлогч прокурор С.Ёндонсамбуу, прокурор Э.Улаанаа нар "Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр прокурорын байгууллагаас баримталж буй бодлого, зорилт”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Н.Амаржаргал "Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд анхаарах зарим асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийж, хяналтын прокурор Б.Бүжинлхам "Гэр бүлийн хүчирхийлэл нь эрүүгийн хариуцлага, захиргааны шийтгэл хүлээх үндэслэл болох нь” сэдвээр илтгэл тавьжээ.

Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хяналт, шинжилгээ үнэлгээний газрын мэргэжилтэн Б.Батбаатар, Ч.Баярбаатар нар "Хорихоос суллагдсан иргэдэд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээ”, "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамрагдах нөхцөл боломжууд” сэдвээр тус тус сургалт явуулж, сургалтанд нийт 84 ялтан хамрагдаж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг тусгасан товхимол, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн иргэнд өгөх зөвлөмж тараах зэрэг ажлыг амжилттай зохион байгуулж ажилласан байна.