“ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ\" СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
“ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ\

Булган аймгийн прокурорын газраас санаачлан Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах  тасагтай хамтран "Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ үндэслэл, журам” сэдвээр сургалт зохион байгуулжээ. Сургалтанд Прокурорууд болон Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хариуцсан шүүгч С.Цэрэнханд, аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга х/ч Шинэбаяр, мөрдөн байцаагч нарын хамт оролцсон байна. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь бусад таслан сэргийлэх арга хэмжээтэй харьцуулахад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх, эрх чөлөөг их хэмжээгээр хязгаарладаг хамгийн хатуу арга хэмжээ бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон "Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 9 дүгээр зүйлд... "Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй”....”Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт”-ын 9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт... "Хэнийг ч дур мэдэн баривчлах буюу цагдан хорьж болохгүй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасч болохгүй”...гэж заасан хүний халдашгүй эрхийн баталгаа руу халдаж байгаа хамгийн эцсийн арга хэмжээ гэдгийг сургалтанд оролцогчид онцлон ярьж санал солилцжээ. Сургалтаар цаашид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх үндэслэлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар сайтар тогтоож хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй, хууль болон түүнд нийцүүлэн гаргасан заавар журмыг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах талаар чиглэл өгчээ.