Дорноговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч нарт "Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай" хууль болон уг хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хууль болон Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар хууль сурталчлах ажлыг хийжээ. Сургалтыг Аймгийн прокурорын газрын туслах прокурор Ж.Айжуу удирдан явуулж, хууль сурталчилан таниулах арга хэмжээнд онцгой байдлын 22 алба хаагч, ажилтан хамрагдсан байна. Сургалтаар гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хуулинд зааснаар гэмт хэргийн шинжтэй мэдээллийг цагдаагийн ажилтан болон сум, багийн засаг даргад өгөх, мэдээллийг хэрхэн нууцлах, мэдээллийг өгөөгүйгээс үүсэх үр дагавар хүлээх хариуцлагын талаар таниулан ойлгуулжээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнд үзүүлэх үйлчилгээ, хууль зөрчсөн этгээд болон хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлага, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Прокурорын байгууллага, Аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, Бүх шатны засаг дарга, Хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, төрийн бус байгууллага зэрэг байгууллагуудын хуулиар хүлээсэн чиг үүрэг зэрэг асуудлыг тайлбарлан өгч, тэдний сонирхсон асуудлаар харилцан санал солилцож, цаашид хуулийг мөрдөж хэрэгжүүлэн ажиллах асуудлаар эрх зүйн зөвлөгөөг өгчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба