ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас санаачлан аймгийнхаа хуулийн байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөнийг 3 дахь жилдээ зохион байгуулжээ. Тус зөвлөгөөнд Говь-Алтай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Говь-Алтай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөлөгчдийн зөвлөл зэрэг 7 байгууллагын албан хаагчид оролцсон байна. Зөвлөгөөнд аймгийн прокурорын газрын орлогч прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Эрдэнэбат "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гарч буй зөрчил, цаашид анхаарах асуудал” сэдвээр, тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Сарантуяа "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд анхаарах асуудлын талаар”, аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Жаргалсайхан "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч О.Оюунтуяа "Хорихоос өөр төрлийн ялын биелэлт, түүнд тавих хяналт, анхаарах асуудал” сэдвээр, Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч У.Төгөлдөр "Шинжээч нараас гаргаж байгаа дүгнэлт, анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийжээ. Харин зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлын тухайд дэлгэрүүлж хэлбэл,

-       Түргэн муудаж чанар байдлаа алдах эд мөрийн баримт болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу хадгалах агуулах сав, байрны асуудлыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх,

-       Шинээр батлагдсан хуулиудаар хамтарсан сургалт зохион байгуулах,

-       Шүүхийн шинжилгээний албаны шинжээч нараар шинжээч томилоход тавигдах асуулт, хэргийн газрын үзлэг хийхэд эд мөрийн баримт бэхжүүлэн авахад анхаарах асуудал сэдвээр шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт сургалт зохион байгуулах,

-       Хамтарсан зөвлөгөөнийг жилд 2 удаа зохион байгуулж өмнөх хамтарсан зөвлөгөөнөөс гаргасан шийдвэр, хийгдсэн ажлын биелэлт үр дүнг тооцож ажиллах,

-       Зөвлөгөөний хүрээнд хэлэлцэгдсэн анхаарах асуудал гарч буй зөрчил дутагдлыг дахин гаргуулахгүй байх талаар оролцогч байгууллагуудад зөвлөмж хүргүүлэх,

-       Гудамж, талбайн хяналтын камерийн тоог нэмэгдүүлэх ажлыг ГХУССЗ-ийн зардлаар шийдвэрлүүлэх,

           - Аймгийн Шүүхийн шинжилгээний албанд гистологи шинжилгээ хийх төхөөрөмжийг шийдвэрлүүлэх зэрэг 7 ажлын жагсаалт гарган дараагийн хамтарсан зөвлөгөөний үеэр гарсан үр дүн, биелэлтийг дараагийн хамтарсан зөвлөгөөнд тооцож ажиллахаар шийдвэрлэжээ. Зөвлөгөөнийг хамтран зохион байгуулсанаар гарах үр дүнгийн тухайд хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаагаа сайжрах, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зүйл заалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголтод хүрсэн байна.