ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН АЖИЛТНУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГАА БОЛЛОО

A- A A+
ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН АЖИЛТНУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АЖИЛЛАГАА БОЛЛОО


Улсын Ерөнхий прокурорын газрын Тамгын газар, Сургалт, судалгааны төв хамтран прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шинэлэг, санаа, санаачилгыг дэмжих, үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зарласан бөгөөд  прокурорын байгууллагын нэгж тус бүрээс  шилдэг нэг илтгэл   шалгарч  2 дугаар шатанд ирсэн билээ.

Тус  илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалтыг УЕПГ-ын Сургалт, судалгааны төвөөс зохион байгуулж, илтгэх ур чадвар, дэвшүүлсэн үр дүнтэй санал, ажлын шинэлэг арга барил, сайн туршлага нэвтрүүлсэн байдлыг харгалзан үзэж, шилдэг 4 илтгэлийг шалгаруулсан.

Илтгэлийн уралдаанд шалгарсан ажилтан нарт шагнал гардуулах ажиллагаа Улсын Ерөнхий прокурорын газарт өнөөдөр боллоо. Шагналыг Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай гардуулж, Сургалт судалгааны төвийн захирал М.Гантулга болон тус төвийн прокурор,  багш нар байлцав.

Уралдааны Тэргүүн байрт Улсыг Ерөнхий прокурорын орлогчийн туслах Цогтбаярын Гантулгабат, Дэд байрт, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Мөнхбатын Оюунбат, Гутгаар байрт Багануур дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Нямдэлэгийн Өнөрбаяр, шагналт байрандӨвөрхангай аймгийн прокурорын газрын туслах ажилтан байсан тус прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Гомбосүрэнгийн Цолмонгэрэл нарын илтгэл тус тус  шалгарч "Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнагдлаа.

 

 

 

 

 

 


 


Уралдааны Тэргүүн байрт шалгарсан Улсын Ерөнхий прокурорын орлогчийн туслах Цогтбаярын Гантулгабатын илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 
 

Прокурорын болон Захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтны гүйцэтгэх үүргийг боловсронгуй болгох нь

 

Дэд сэдэв:

"Прокурорын байгууллагын туслах ажилтнуудын хандлага, түүнийг сайжруулах шаардлага”

 

Нэгэн өвчтөн "Надад мэдлэг чадвартай сайн эмч гэхээсээ илүү надад санаа тавьж тусалдаг тийм л эмч хэрэгтэй байна” гэж хүсэлт гаргасан тухай би хаанаас ч билээ нэг сонсож байсан санагдана. Ямартай ч энэ өгүүлбэрээс би нэг л үгийг ой тоондоо сонирхон авч үлдсэн нь "Хандлага” түүний тухай.

Хандлагын үнэ цэнийг, хандлагын үр нөлөөг, хандлагын хүчийг би өөрөө мэдэрдэг. Хэн нэгний хүсэл мөрөөдөлдөө бодитойгоор хүрэх галт тэрэг магадгүй "Хандлага” гэдэг дугуйтай ч байж мэднэ.

Прокурорын байгууллагад 200 орчим прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан, тодруулбал 200 орчим прокурор болох хүсэл мөрөөдөл оршиж байна. Энэ нөхөр юун хүсэл мөрөөдөл, хандлагын тухай бичээд байна вэ? гэж гайхаж магадгүй учир үндсэн санаа руугаа яаравчлан орох нь зүйтэй биз.

Би туслах ажилтны гүйцэтгэх үүргийг боловсронгуй болгох гэхээсээ илүү туслах ажилтны ажилдаа хандах хандлагыг боловсронгуй болгох нь хамгийн оновчтой шийдэл гэж хувийн бодолдоо итгэсэн тул хандлагын тухай илтгэмээр санагдаж зориг гарган тийшээ зөрүүдэллээ.

Үндсэн санаа бол "Хандлага бол бүх зүйл юм”.

Төрийн байгууллага нь сайн боловсрол, авьяас ур чадвар, туршлагыг эрхэмлэдэг хэдий ч хандлагыг бараг анзаардаггүй.

Тэгвэл хандлага гэж юуг хэлэх бэ? Энэ бол тун энгийн ойлголт. Хандлага гэдэг бол бидний оюун санаанд үүсч бий болсон зөв ЗУРШИЛ бөгөөд түүний тусламжтайгаар бид аливаа юмс үзэгдэлтэй харьцаж байдаг.[1]Тодруулбал, хандлага гэдэг нь тухайн хүнээс аливаа асуудалд болон бусдад /хүнд/ хандах үйл явц мөн. Буддын сэтгэлгээн дэх үйлийн үрийн тухай сургаалын үүднээс авч үзвэл хандлага нь ҮЙЛ бөгөөд үр нь СЭТГЭГДЭЛ юм.

Прокурорын байгууллагын туслах ажилтнуудыг тэгэх ёстой ингэх ёстой гэдэг ч юм уу аль эсхүл хэн нэгний гүйцэтгэх үүргийг хичнээн төгс сайн боловсронгуй болгож, хэн юу хийх ёстойг хуваарилж тогтоосон ч түүнд хандах хандлага дутуу бол үр дүн төдийлөн гарахгүй. Эрт үеэс эдүгээг хүртэл төрийн байгууллага тийм л жишигээр ирсэн гэхэд үнэнээс хол зөрөхгүй гэж итгэж байна.

 Тойм байдлаар харвал туслах ажилтнаас прокурор болон томилогдоход үндсэндээ 2 шалгууртай мэт.

Туслах ажилтнаар 2 жил ажиллах ёстой,

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий гэрчилгээтэй байх ёстой.

Мэдээж алдаа зөрчил гаргаагүй, авьяас чадвартай, хамт олонтойгоо эвтэй, хариуцсан ажилдаа сайн гэх мэт шалгуурууд бий. Туслах ажилтнууд прокурор болох чин хүсэл мөрөөдөлтэй хэдий ч түүндээ хүрэх зам мөр нь төдийлөн тодорхой биш санагддагаа нуух юун.

Иймд миний прокурорын байгууллагад нэвтрүүлэх гэж хүсэн мөрөөдөж буй шинэ гэж өөрөө нэрлэсэн туршлага бол туслах ажилтны үнэлгээг тогтоох аргачлал юм. Өөрөөр хэлбэл туслах ажилтнуудыг өөрөө өөрсдийнхөө хувь заяаг өөрөө шийд гэсэн зарчим.

Надад энэ аргачлалыг хэрхэн явуулах, бодитой болгох талаар хэд хэдэн санаа бий хэдий ч цаасан дээр хэн бүхэнд ойлгомжтой эвлүүлж бичихэд зарим талаараа сийрэг ухаан, сэтгэх чадвар дутаж байгааг хэлэх нь зөв байх.

1-рт: Босго онооны зарчим буюу прокурор болоход шаардагдах оноо

2-рт: Чансааны зарчим буюу туслах ажилтнуудыг оноогоор эрэмбэлэх

Зарчим гэж сүржин даржин нэр өгсөнг минь үл тоохыг хүсье. Үндсэндээ бол тооцоолох аргачлал нь 2 өөр хэдий ч үнэлгээ нь ижил юм.

Хандлага үйлдэл болохдоо бодлоор дамжиж илэрдэг. Бодол ямар ч нөхцөлд хувь хүнийх байдаг. Тийм ч учраас хүмүүс бодол санаагаараа өөрсдийгөө бүтээдэг, өөрсдийгөө удирддаг. Буруу хандлагыг хүчээр зөвтгөнө гэвэл горьдсон хэрэг болох биз.

Тэнэг хүн тогоогоо хараад хий дэмий буцлахыг хүлээдэг бол ухаантай хүн галаа засаад буцлахыг хүлээдэг. Хүний бодол санаа бол үйлдлийг тодорхойлно.

Дээр өгүүлсэн бүхэн минь хэтэрхий энгийн, дэндүү ойлгомтой юм шиг санагдаж болно. Уйтгартай ч байж мэднэ. Гэтэл амьдрал дээр бол аугаа их юм л маш энгийн байдаг билээ. Хэдийгээр бүх юм аар саархнаас эхэлдэг боловч юмыг зөв эхэлнэ гэдэг яавч аар саар ажил биш.[2] гэж аугаа сэтгэгч Сократ хэлсэн нь нэгийг бодогдуулах биз ээ.

Туслах ажилтнуудыг захиргаадалтын хэв шинжтэйгээр бус тэдний хүсэл мөрөөдөл дээр нь суурилж, бодол санаагаар нь удирдах, чиглүүлэх нь ухаалаг шийдвэр болно. Өөрөөр хэлбэл ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, шинийг санаачлагч, өөрийгөө хөгжүүлэгч, хариуцлагатай, идэвхитэй тийм л туслах ажилтан бидэнд хэрэгтэй нь дамжиггүй. Туслах ажилтан бол прокурорын байгууллагын ирээдүй, залгамж халаа.

Өнөөгийн прокурорын байгууллагын тогтолцоо, туслах ажилтнуудын гүйцэтгэх үүргийг би буруу, дутуу дулимаг гэсэндээ бус бидэнд илүү үр дүнд хүрэх ямар боломж байна вэ? гэдэг байдлаар асуудалд хандаж байгааг минь зөвөөр ойлгоно биз ээ.

Туслах ажилтны үнэлгээг тогтоох энэхүү аргачлалын үндсэн шалгуур эрэмбэ бол хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий гэрчилгээтэй эсэх асуудал тавигдах нь дамжиггүй. Дараагийн дугаарт тухайн ажилтны прокурорын байгууллагад ажилласан жил бол 2 дахь үндсэн эрэмбэ юм.

Миний санаж байгаачлан жил бүр зохион байгуулагддаг Б.Чимид багшийн нэрэмжит илтгэлийн уралдааны урилга прокурорын байгууллагад жил тутам ирдэг хэдий туслах ажилтнууд түүнд идэвхи санаачлагатай оролцдоггүй, оролцсон ч амжилт үзүүлдэггүй тал ажиглагддаг. Өөрөөр хэлбэл туслах ажилтнуудын идэвхи санаачлага зарим талаараа дутмаг.

Харин онооны системд шилжсэнээр томоохон эрдэм шинжилгээ, илтгэлийн уралдаанд оролцоход 1 оноо, байр эзэлвэл 1-3 оноо, Прокурорын байгууллагыг олон нийтэд сурталчилах, нэр хүндийг сайжруулах чиглэлээр тодорхой үр дүнтэй шинэлэг санал санаачлага гаргавал 1-3 оноо, Хууль эрх зүйн чиглэлээр судалгаа, бүтээл, өгүүлэл, нийтлэл бичвэл үр ашиг, нөлөөллөөс хамаарч 1-3 оноо, өөр бусад байгууллагын дотоод болон гадаад спортын, урлагийн уралдаан тэмцээнд байр эзэлвэл оновчтой тохирох оноо, нэгжийн удирдлагын зүгээс сар тутам эсхүл улирал тутам ур чадвар, ажилдаа хандах хандлага, хариуцлагаар нь хэмжсэн 1-3 оноо гэх мэтчилэн хэд хэдэн зүйлээр туслах ажилтнуудыг улсын хэмжээнд эрэмбэлдэг, оноожуулдаг болвол жинхэнэ бидний хүсээд байгаа туслах ажилтнуудын үр нөлөө, ажлын бүтээмж мэдэгдэхүйц сайжрах нь дамжиггүй юм.

Жишээ хүснэгт:

 

Чансаа

Нэр

Хуульчийн гэрчилгээ

Ажилласан жил

Эрдэм шинжилгээ илтгэлийн уралдаан

Спортын болон урлагын тэмцээн уралдаан

Нэгжийн удирдлагын үнэлгээ

Нийт

1

Бат

5

4

2

3

3

17

2

Сүрэн

5

3

1

0

1

10

3

Дорж

5

2

0

0

2

9

4

Чүлтэм

0

5

1

0

1

7

5

Пэрэнлэй

0

4

0

1

1

6

6

Магсар

0

3

0

1

2

6

 Хүснэгтээс харахад туслах ажилтан Магсар нэн түрүүнд Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ авах ёстой байна. Харин хуульчийн гэрчилгээтэй Дорж эрдэм шинжилгээний уралдаанд оролцох эсхүл спортын уралдаан тэмцээнд орж оноо авахын тулд тэр чиглэлээр өөрийгөө давхар хөгжүүлэх шаардлагатай, харин Сүрэн хуульчийн гэрчилгээтэй, ажилласан жил боломжийн бөгөөд эрдэм шинжилгээний уралдаанд орж оноо авсан хэдий ч нэгжийн удирдлагын зүгээс оноо бага авсан тул илүү хамт олонч байж хувийн харилцаа, хандлагаа өөрчилж, ажлын бүтээмжээ сайжруулах шаардлагатай юм байна гэдгээ өөрөө нээлттэй мэдэх боломжтой харагдаж байна. Эндээс туслах ажилтан бүр үнэхээр хүсэл мөрөөдөлтэй л бол, өөрийнхөө амьдралын зорилгодоо тэмүүлдэг л бол өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө төлөө тэмцэх шаардлага урган гарах юм.

Мэдээж чансааны нэгт эрэмбэлэгдэх нь шууд прокурор болно гэсэн баталгаа биш бөгөөд прокурорын байгууллагын боловсон хүчний бодлогыг алдагдуулахгүйн тулд тухайн хүний харилцаа, өөрийгөө илэрхийлэх ур чадвар, бодол санааг тодорхойлсон ярилцлагыг сүүлийн мөчид зайлшгүй хийдэг байхаар зохицуулах ёстой.

Ийнхүү зөв зуршилаар туслах ажилтнуудын хандлага зөв болсоноор 2 жил ажиллаад, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ авчихаад хэзээ томилогдох бол гэж хоосон итгэлдээ дарагдаж суух биш өөрийнхөө чансааг мэддэг, өөрийнхөө чансааг нэмэх боломжийг эрдэг хайдаг, тэмүүлдэг, өөрөө өөрийгөө хөгжүүлдэг тийм түвшинд хүрнэ. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ухамсартайгаар чармайж буй хүмүүсийн дундаршгүй хүч чадал шиг аугаа их хүчийг би хэзээ ч олж хараагүй. Хэрэв тавьсан зорилго өөдөө цуцалтгүй мацаж, хүсэж мөрөөдсөн тэр л амьдралаараа амьдрахын төлөө тэмцэж чадвал жирийн нөхцөлд хэзээ ч бүтэхгүй зүйлийг бүтээж, амжилтанд хүрэх болно.[3]Өөрөөр хэлбэл прокурор болох гэсэн туйлын зорилгодоо хүрэхийг хүсэгч тэрхүү туслах ажилтан зорилго руугаа ухамсартайгаар ил тод, нээлттэй зүгээ мэдэж зүтгэх юм.

Үүнээс улбаалж маш олон үр ашиг гарна гэдэгт би итгэлтэй байна.

Чансаагаа мэдсэн туслах ажилтан "Прокуророор томилж өгнө үү" гэсэн шил дарсан олон өргөдөл, хүсэлт байхгүй болохын сацуу прокурор болох асуудал ил тод, шударга, нээлттэй болж түүнээс улбаатай Тамгын газар, боловсон хүчний зохицуулалтанд ирэх ачаалал огт байхгүй болно.

Туслах ажилтнууд өөрсдийгөө дайчилснаар прокурорын байгууллагын өдөр тутмын ажлын бүтээмж, туслах ажилтны үр нөлөө дээшилнэ.

Идэвхитэй, чадавхитай, санаачлагатай туслах ажилтнууд бий болж улмаар тэр хэмжээгээр чанартай прокурор төрөн гардаг болно гэх мэтчилэн үүнээс урган гарах үр нөлөөг дурьдаад барахгүй гэдэгт би туйлын итгэлтэй байна.

Эцэст нь хэлэхэд зөв хандлага бол туслах ажилтнуудыг тэвчээртэй байх, сахилга баттай байх, идэвхитэй, сэтгэлтэй, санаачлагатай, бүтээлч байх зөв зан төлөвийг бий болгоно. Зөв хандлага зорилгодоо хүрэх, амжилтанд хүрэх гэх мэт зөв үр дүнд хүрэх боломжийг олгодог.

Энэхүү онооны системийг нэвтрүүлвэл хэвшил болж тогтох хүртэл тодорхой хугацаа шаардагдах хэдий ч илүү боловсронгуй болгож нэгдсэн журмаар хэрэгжүүлж чадвал Прокурорын байгууллагын ил тод, нээлттэй байдлын баталгаа болохоос гадна прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтнуудын ажилдаа хандах хандлага, өөртөө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх хамгийн зөв шийдэл, шилдэг туршлага болох нь гарцаагүй.

Сайн төлөвлөгөөг яг одоо хэрэгжүүлэх нь өө сэвгүй төлөвлөгөөг ирэх долоо хоногт хэрэгжүүлснээс хавьгүй илүү хэмээн хэлсэн Америкийн алдарт генерал Ж.Паттоны хэлсэн үгээр энэхүү илтгэлээ төгсгөе.

 

 

 

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН

ОРЛОГЧИЙН ТУСЛАХ

АЖИЛТАН:                                     Ц.ГАНТУЛГАБАТ