Нийслэлийн прокурорын газраас Нийслэл, дүүргийн хэмжээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргүүдийг шийдвэрлэх зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 06-наас "Шийдвэрлэлт-2017” нэгдсэн арга хэмжээг зарлалаа. Нэгдсэн аян 75 хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна. Энэхүү аяныг Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх газар, Хэрэг бүртгэх алба, дүүргийн Цагдаагийн хэлтсүүд, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсүүдэд түдгэлзээтэй байгаа хэргүүд хамрагдах гэнэ. Нийслэлийн прокуророос нэгдсэн арга хэмжээнд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг бүрэн хамруулж, түдгэлзүүлсэн хэргүүдийг сэргээн шийдвэрлэхэд тодорхой идэвхи санаачлага, үр дүн гаргаж ажиллахыг Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын удирдлага болон Дүүргийн прокуроруудад албан бичгээр үүрэг чиглэл өгчээ. Дээрх арга хэмжээний нэгдсэн дүнг 217 оны 06 дугаар сарын 29-ний дотор дүгнэж, Нийслэлийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, үр дүн гаргаж ажилласан прокурор, мөрдөн байцаагч нарыг шагнаж урамшуулах юм байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба