\"ЗАХИРГААНЫ ЗӨРЧЛИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРАХ ЗАРИМ АСУУДЛУУД” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ

A- A A+
\

 
Сонгинохайрхан дүүргийн  Прокурорын газраас "Прокурорын байгууллага, Үндэсний татварын албаны  хамтран ажиллах журам”-ын хэрэгжилтийг хангах,  захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах  зорилгоор  тус  дүүргийн   Татварын хэлтсийн улсын байцаагч нарт сургалт зохион байгуулав.   Сургалтыг "Захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлууд”  сэдвээр туслах прокурор Т.Мөнхжаргал, туслах ажилтан М.Оюунбатын хамт зохион байгуулж,  тус хэлтсийн 68 улсын байцаагч оролцжээ. Татварын улсын байцаагч нараас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг явуулахдаа ямар арга хэлбэр, хэрэгслээр хэрхэн баримтжуулах, зөрчилд холбогдсон этгээдээс тайлбар тодорхойлолт авах, баримт гаргуулах зэргээр зөрчлийн материалыг бүрдүүлэхэд анхаарч холбогдох хууль, журмыг нэг мөр ойлгож хэрэгжүүлж ажиллах талаар  харилцан ярилцсан байна. Сургалтын материалд зөрчлийг шалгах ажиллагаа явуулж болохгүй тохиолдлууд, зөрчил гаргагчийн эрхийг тайлбарлан эдлүүлэх,  эд зүйл хураан авч, шийдвэрлэх ажиллагааг хэрхэн явуулах, захиргааны шийтгэлийг биелүүлэх ажиллагааны талаар тусгагджээ. Түүнчлэн дүүргийн прокурорын газраас 2016 онд тус хэлтсийн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг шалгаад бичсэн шаардлагад тусгагдсан зөрчлүүд,  тэдгээрийг   дахин гаргуулахгүй  байх талаар нэг бүрчлэн дүгнэж ярилцсан байна. Мөн захиргааны зөрчлийн материалыг хэрхэн бүрдүүлэх талаар холбогдох загварыг тарааж,   улсын байцаагч нараас тавьсан асуултад хариулж,  татварын хууль тогтоомж зөрчсөн,  татвар төлөхөөс зайлсхийсэн  гэмт хэрэг, зөрчил  түүний шийдвэрлэлтийн талаар харилцан ярилцжээ.