БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газар, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлын дарга, Дүүргийн Шүүх, Цагдаагийн хэлтсүүд, Замын цагдаагийн хэлтэс, Хил хамгаалах газар, Хууль сахиулах их сургууль, Ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөлтэй "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудалд олон нийтийн оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулжээ. Зөвлөлгөөнөөр 2016 онд гарсан гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үеийнхээс 13 хувиар буурсан, 2017 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар тус дүүргийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 3955-г хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үеээс 1392 гомдлоор буюу 26 хувиар буурсан эерэг тоон үзүүлэлттэй байгаа нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулсантай холбоотой гэж зөвлөгөөнд оролцогчид дүгнэсэн байна. Зөвлөгөөнд оролцогчдын тавьсан илтгэл, дэвшүүлсэн саналуудыг нэгтгэн дүүргийн хэмжээнд гудамж, замыг камержуулах ажлыг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хөршийн хяналтыг сайжруулах, зам тээврийн осол, зөрчилөөс урьдчилан сэргийлэхэд багш эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр болжээ. Түүнээс гадна зөвлөгөөний үеэр дахин давтан гэмт хэрэг зөрчил гаргаж буй шөнийн цэнгээний газруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох ажлыг зохион байгуулах, гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлийг худалдан борлуулдаг зах зээлийг үгүй болгох зэрэг тодорхой асуудлаар зөвлөмж гаргахаар шийдвэрсэн байна. Харин баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Үүнд "2016 онд тус дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэнгүй гэмт хэргийн судалгаа”, "Хүнийг санаатай алах” гэмт хэргийн гаралтыг 2017 оны эхний 3 сарын байдлаар тус тус дүүргийн прокурорын газраас судалсан байна. 2016 онд 4599 эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдэж эрүүгийн хэргийн дугаар авсанаас 950 хэрэг буюу 20,6 хувь нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй бөгөөд өмнөх оноос 4 хувиар өсчээ. Тэгвэл эзэнгүй гэмт хэргээс 183 гэмт хэрэг буюу 19,2 хувь нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг, 73 буюу 7,6 хувь нь танхайн, 60 буюу 6,3 хувь нь залилангийн гэмт хэрэг, 47 буюу 4,9 хувь нь дээрмийн гэмт хэрэг эзлэж байгаагаас 54 хэрэг нь онц хүнд, хүнд гэмт хэрэг эзлэж байгаад анхаарах шаардлагатай байна гэж үзсэн байна. Эзэнгүй гэмт хэргийн тухайд дүүргийн хороодоор судлаж үзвэл  хамгийн их гэмт хэрэг үйлдэгдсэн нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо байна. Мөн "Хүнийг санаатай алах”  гэмт хэрэг 2017 оны эхний 3 сарын байдлаар дүүргийн хэмжээнд 7 гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5-н хэргээр өсчээ. Дээрх судалгааны дүнтэй холбоотой Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд мэдэгдэл бичиж, Дүүргийн засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт танилцуулга хүргүүлжээ.