Дорнод аймгийн Прокурорын газар нь энэ сарын 5-7-ны өдрүүдэд Улсын Ерөнхий Прокурорын газарт зохин явуулсан Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын нэгдсэн зөвлөгөөний үеэр Улсын Ерөнхий Прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар,Улсын Ерөнхий Прокурорын туслах прокурор, ЯЭАХТХ-ийн дарга Э.Амарбат нараас өгсөн үүрэг даалгавар, чиглэл болон зөвлөгөөнөөс гарсан зарим асуудлуудыг нэгтгэн мэдээлэл бэлтгэж, үүрэг чиглэлийн биелэлтийг хангуулах талаар удирдлага зохион байгуулалтын зарим арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус ажлын хүрээнд аймгийн прокурор Т.Ууганбаатар, туслах прокурор Э.Идэрбат нар энэ сарын 11-ний өдөр нийт прокурор, ажилтнуудад мэдээлэл хийж, тодорхой үүрэг, чиглэл өгсөнөөс гадна аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, алба хаагч нартай уулзалт зохион байгуулжээ. Энэхүү уулзалтанд эрх бүхий албан тушаалтнуудыг бүрэн хамруулан, дээрх нэгдсэн зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, чиглэлийг дэлгэрэнгүй танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, солилцон ажилласан байна. Түүнчлэн ял эдлүүлэх хяналтын ажлын хүрээнд хийж гүйцэтгэвэл зохих асуудлуудыг тусгасан ажлын чиглэл хүргүүлэх тухай 13 заалттай албан бичгийг аймгийн Цагдаагийн газарт, 15 заалттай албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлжээ. Мөн 2016 оны эхнээс цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагч нараас байцаалт авахдаа хорих байрнаас гадагш гаргахгүйгээр цагдан хорих байрны тусгайлан бэлтгэсэн байцаалтын өрөөнд байцаалт авч ажиллах талаар өгсөн аймгийн прокурорын үүрэг, чиглэлийг нэгдсэн зөвлөгөөнөөс зөв зүйтэй гэж үзсэн тул дээд шатны прокуророос энэхүү үүрэг, чиглэлийг нэг мөр хангуулж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад үүрэг болгосон байна. Хамтарсан уулзалтын үеэр хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас гаргасан санал, хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь цагдан хорих байрны байцаалтын өрөөнд сэжигтэн, яллагдагч нараас байцаалт авахад зориулсан компьютер, принтерийг шинээр авч байрлуулжээ. Цаашид тус аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч нартай хамтарсан зөвлөгөөн, уулзалтыг энэ сардаа багтаан зохион явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба