ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТЭЙ ХАМТАРСАН ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТЭЙ ХАМТАРСАН ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Баянгол дүүргийн прокурорын газраас дүүргийнхээ Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтарсан зөвлөгөөнийг өчигдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Баянгол дүүргийн прокурор Н.Энхтуяа, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга цагдаагийн хурандаа А.Буянтөр,орлогч прокурор, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих туслах прокурор, хяналтын прокурорууд болон тус хэлтсийн албан хаагчид оролцов.Зөвлөгөөнөөр Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих туслах прокурор Д.Мөнх-Очир "Нийслэлийн прокурорын газраас хийсэн шалгалтын мөрөөр хэрэгсэхгүй болгосноос сэргээсэн хэрэг, цаашид анхаарах асуудлын талаар”, туслах прокурор Б.Насанжаргал "2016 оны үлдэгдэл хэрэг, Улс, Нийслэлийн прокурорын давхар хяналтанд орсон хэргийн талаарх судалгаа, шийдвэрлэлтийн талаар”, хяналтын прокурор Ч.Бурмаа "Түдгэлзүүлсэн хэргийн тооллогын талаар”, хяналтын прокурор Н.Мөнхцэцэг "Шинжээч томилоход анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ. Мөн зөвлөгөөнөөр байцаан шийтгэх ажиллагааны явцад гарч буй алдаа зөрчил, тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлын талаар харилцан санал, солилцсон нь үр дүнтэй ажил болсон юм. Зөвлөгөөнөөс, Дүүргийн прокурор Н.Энхтуяа шийдвэрлэгдээгүй үлдсэн өмнөх оны үлдэгдэл хэргүүдийг 2017 оны 06 сарын 01-ний дотор, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1-ээс бусад үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргүүдийг 06 дугаар сарын 15-ны дотор шийдвэрлэх, хэргийн эцэслэн шийдвэрлэлтийн хувь хэмжээг ахиулах, шүүхэд шилжүүлэх хэргийн тоог нэмэгдүүлэх, түдгэлзээтэй байгаа хэргүүдийн тоог бууруулах чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч, тодорхой үр дүн гаргаж ажиллах зэргээр прокурорууд болон Цагдаагийн хэлтэс, тасгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтийг 2017 оны 06 сарын 25-ны дотор тооцохоор шийдвэр гаргалаа.