ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ ГАРГАХГҮЙ БАЙХ ТАЛААР ЗӨВЛӨМЖ ӨГЧЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛ ГАРГАХГҮЙ БАЙХ ТАЛААР ЗӨВЛӨМЖ ӨГЧЭЭ

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас аймгийн Цагдаагийн газартай хамтран энэ сарын 13-ны өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ. Дээрх ажлыг зохион байгуулахдаа Арвайхээр суманд оршин суудаг хорих ялыг тэнсэж хянан  харгалзсан, ял хойшлогдсон нийт 17 иргэнд гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх талаар зөвлөмж өгч, шинээр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар сургалт хийж, мэдээлэл өгч ажилласан байна. Тус сургалтын нэг онцлог нь Хөдөлмөрийн хэлтсээс ял хойшлогдсон иргэдэд ажлын байранд зуучлуулахад юуг анхаарах, хөдөлмөр эрхлэлтийн талаар зөвлөгөө өгсөн нь үр дүнтэй ажил болжээ. Дээрх хамтарсан зөвлөгөөний маргааш өдөр нь Өвөрхангай аймгийн прокурорын газраас "Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ял эдлүүлэх ажиллагаа” сэдвийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөн, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны нийт 35 албан хаагч оролцож, эрх хасах ялын биелэлт, ялтанд тавих хяналтыг сайжруулахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн газрын хамтын ажиллагаа цаашид анхаарах асуудлын талаар Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор А.Золжаргал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч М.Ганбаяр нар мэдээлэл хийжээ.