Дорноговь аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газрын нийт алба хаагчдад Захиргааны журмаар албадан саатуулах байранд мөрдөгдөж буй хууль, журам, заавраар энэ сарын 12-ны өдөр сургалт зохион байгуулж, цаашид анхаарах асуудлын талаар чиглэл өгчээ. Мөн Улсын Ерөнхий прокурорын газраас зохион байгуулсан ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын нэгдсэн сургалт, зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг, чиглэлийг нэг мөр хэрэгжүүлэн ажиллах талаар мэдээлэл хийсэн байна. Энэ үеэр Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч, замын цагдаагийн зохицуулагч, байцаагч нараас захиргааны зөрчил гаргасан этгээдийг албадан саатуулахтай холбоотойгоор гарч буй асуудлыг харилцан ярилцаж, хүний эрхийг зөрчихгүй байх, хуулийн хүрээнд ажиллах талаар тодорхой шийдэлд хүрчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба