НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас харъяа дүүргийнхээ Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Налайх, Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, тасагтай хамтарсан зөвлөгөөнийг дүүргийн прокурорын газартаа зохион байгуулжээ. Хамтарсан зөвлөгөөний зорилго нь 2016, 2017 оны эхний 3 сарын байдлаар Эрүүгийн хэргийн нөхцөл байдал, түүний шийдвэрлэлтэнд дүн шинжилгээ хийж Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулахад чиглэгдсэн байна. Зөвлөгөөний үеэр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу "Шүүн таслах ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуроруудаас гаргаж буй нийтлэг алдаа, зөрчил" сэдвээр, Налайх, Багахангай дүүргийн прокурорын прокурорын орлогч, хууль цаазын ахлах зөвлөх Б.Гантулга "Улсын Ерөнхий прокурорын газраас баримталж буй бодлого, чиглэл цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ" сэдвээр мэдээлэл хийв. Түүний дараа Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Э.Оргил, Багахангай дүүрэг дэх Цагдаагийн тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Ц.Батхүү нар Эрүүгийн хэргийн нөхцөл байдлын талаар тус тус мэдээлэл хийсэн юм. Дээрх албан тушаалтнуудыг мэдээлэл хийсний дараа зөвлөгөөнд оролцогчид байцаан шийтгэх ажиллагааны явцад учирч буй бэрхшээл түүнийг арилгах арга замын талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо. Зөвлөгөөний төгсгөлд Налайх, Багахангай дүүргийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Ариунболд "Бидний хийж буй зөвлөгөөн цаг үеэ олсон асуудлыг шийдэх арга замаа хайсан ажил хэрэгч боллоо" гэж дүгнээд зөвлөгөөнд оролцогчдын бүрэлдхүүнийг өргөжүүлэн улирал бүр тогтмол явуулахын зэрэгцээ прокурорууд болон цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн дарга, ахлах мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нарт цаашид анхаарч ажил хэрэг болгох 7 чиглэлийн үүрэг өгч зөвлөгөөнийг хаалаа.