Тээврийн прокурорын газраас Нийслэлийн хэмжээнд гарч байгаа зам тээврийн ослыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үүднээс осол гарч байгаа шалтгаан, нөхцлийг судалж,судалгааны дүнг үндэслэн холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна. Тодруулж хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд аюулгүй, найдвартай хүргэх үүрэг бүхий нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн явуулдаг газруудын жолооч нараас гаргаж байгаа зам тээврийн ослыг судалж, Нийслэлийн "Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨӨАТҮ газарт Тээврийн прокурор, Замын цагдаагийн албаны дарга нарын баталсан удирдамжийн дагуу хамтарсан шалгалт хийжээ.
Судалгаанаас үзвэл, 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын жолооч нар зам тээврийн 15 осол гаргаж, ослын улмаас 15 хүний биед хөнгөн, 4 хүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл, иргэд, байгууллагад бага бус хэмжээний хохирол учирсан байна. Шалгалтыг 4 дүгээр сарын 28-ны өдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын 1, 3 дугаар бааз дээр хийж, Монгол Улсын стандарт болох "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, "Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага”-ын дагуу техникийн хувьд бүрэн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулж байгаа эсэх, тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа, мэргэшсэн жолооч ажиллуулж байгаа эсэх зэргийг шалгажээ. Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл нь зорчигчдын ая тухтай, аюул осолгvй зорчих нөхцөл бvрдсэн, техникийн хувьд бvрэн байхаас гадна Монгол Улсын дээр дурдсан стандартууд болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заагдсан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байх заалтуудыг хангаж байх шаардлагатай байтал Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын 1, 3 дугаар баазад тухайн өдөр ажилд гарах байсан 214 автобуснаас 133 автобусанд үзлэг, шалгалт хийхэд хурд хэмжигч ажиллахгүй 49, хяналтын камер ажиллагаагүй 2, тоормозны гэрэл ажилагаагүй 9, улсын дугаар бүдэг 14, цацруулагчгүй 10, үйлдвэрийн бус төмөр гупертэй 26, өөр өнгийн гэрэл, нэмэгдэл лед гэрэлтэй 4, улсын дугаарын гэрэл асахгүй 3, салхины шил нь их хэмжээгээр цуурсанаас жолоочийн харах боломжийг хязгаарласан 3 автобус, 5 автобусны оврын гэрэл асахгүй зэрэг зөрчлүүд тогтоогдсон байна. Тиймээс шалгалтын дүнг Тээврийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцээд тус газрын удирдлага, инженер, техникийн ажилтнуудад дүнг танилцуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазарт болон тухайн газартай гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Тээврийн газарт тус тус прокурорын мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба