ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ХЭРГИЙГ СЭРГЭЭН ШИЙДВЭРЛЭХ, ХЯНАЛТЫН АЖЛЫН БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ 2 САРЫН БҮТЭЭЛЧ АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ХЭРГИЙГ СЭРГЭЭН ШИЙДВЭРЛЭХ, ХЯНАЛТЫН АЖЛЫН БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ 2 САРЫН БҮТЭЭЛЧ АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Булган аймгийн прокурорын газар нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа болон шүүхэд төрийг төлөөлөх хяналтын ажлын чиглэлээр хийж гүйцэтгэсэн хяналтын ажлын чанар, үзүүлэлтүүдийг 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар гаргаж урьд оны мөн үетэй харьцуулан дүн шинжилгээ хийжээ. Байгууллагын нэгдсэн ажлын тоо мэдээ болон прокурор нэг бүрийн ажлын үзүүлэлтийг өмнөх оны мөн үеэтэй харьцуулан судалсан дүнг аймгийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж сөрөг үзүүлэлтэй гарсан зарим хяналтын ажлын чанар, тоо үзүүлэлтийг ахиулахад чиглэсэн ажил сайжруулах хугацаатай албан даалгавар өгөх зэрэг удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авчээ.   Дээрх дүн шинжилгээний дүнг үндэслэн тус Прокурорын газраас санаачлан Улсын Ерөнхий прокурорын газраас 2017 онд дэвшүүлсэн зорилтыг хангах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг сайжруулах, хяналтын ажлын чанар, үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор Аймгийн прокурор, аймгийн Цагдаагийн газрын даргын хамтарсан А/03 дугаар тушаалаар "Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын ажиллагааг эрчимжүүлэх, хяналтын ажлын бүтээмжийг дээшлүүлэх бүтээлч аян”-ыг баталж эхлүүлжээ. Бүтээлч ажлын аяныг 2 сарын хугацаатай зохион байгуулах ба хамтарсан тушаалын I, II хавсралтаар сарын тус аяны удирдамж, удирдамжийн дагуу хийх ажлын төлөвлөгөөг тус тус батлан нийт хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуроруудад танилцуулж идэвхи санаачлагатай, үр дүнтэй ажиллахыг үүрэг болгожээ. Түүнчлэн тус прокурорын газраас санаачлан түдгэлзүүлсэн хэргийн тоог бууруулах, хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Аймгийн прокурор, аймгийн Цагдаагийн газрын даргын хамтарсан тушаалаар "Түдгэлзүүлсэн хэргийг сэргээн шийдвэрлэх аян”-ыг тус тус батлан эхлүүлсэн байна. Уг аяны хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон эцэслэн шийдвэрлэх, түдгэлзүүлсэн хэргийн сэжигтэн, яллагдагчаар татагдвал зохих этгээдүүдийг илрүүлэх, түдгэлзүүлсэн хэргийн тоог бууруулах зэрэг ажлуудыг тусгаж хамтарсан тушаалын хавсралтаар аяны удирдамж, түүний дагуу хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж ажиллаж байна. Дээрх 2 аяны хугацаа 2017 оны 07 дугаар сард дуусах бөгөөд аяны хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, хүрсэн үр дүнгийн талаар байгууллагын зөвлөгөөн дээр хэлэлцүүлж идэвхи санаачлага гарган үр дүнтэй ажилласан албан хаагчийг шагнаж урамшуулахаар шийдвэрлэжээ.