ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН ХЯНАЛТАНД БАЙГАА 67 ЯЛТНЫ ХУВИЙН ХЭРГИЙГ ХЯНАВ

A- A A+
ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН ХЯНАЛТАНД БАЙГАА 67 ЯЛТНЫ ХУВИЙН ХЭРГИЙГ ХЯНАВ
 Ховд аймгийн Прокурорын газраас "Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорих ял нь тэнсэгдсэн ялтны засрал хүмүүжилд хяналт тавих ажиллагаа хууль журмаар тогтоосон шаардлагад нийцэж буй эсэх”-ийг 2017 оны эхний 4 сарын байдлаар шалгаж, цагдаагийн байгууллагын хэсгийн байцаагч, хэсгийн төлөөлөгч нарын хяналтанд байгаа 67 ялтны хувийн хэргийг хянажээ. Шалгалтаар хяналтанд байгаа хорих ял нь тэнсэгдсэн, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан ялтнуудад тавьж буй хяналт хангалтгүй, Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны А/05, А/09 дүгээр хамтарсан тушаалаар баталсан "Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-ыг нэг мөр хэрэгжүүлж ажиллаагүй зэрэг зөрчил илэрчээ. Шалгалтын явцад хяналтанд авагдсан ялтнуудаас захиргааны зөрчил гаргах, дахин гэмт хэрэг үйлдэх явдал цөөнгүй гарч байгаа нь ялтнуудад тавих хяналтыг хууль журмын дагуу тавьдаггүй, тэдгээрийн дунд зохион байгуулдаг яриа таниулга үр дүн муутай, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шаардлагын хэмжээнд зохион байгуулдаггүй, ялтанд шүүхээс даалгасан үүргийг хууль журмын дагуу хэрэгжүүлдэггүйгээс дахин гэмт хэрэг үйлдэх, захиргааны зөрчил гаргах шалтгаан болсон байна.  Прокуророос цагдаагийн байгууллагад захиргааны зөрчил гаргасан ялтнуудын ялыг биечлэн эдлүүлэх талаар Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5, 74 дүгээр зүйлийн 74.8 дахь заалтын дагуу санал гаргаж шүүхээр шийдвэрлүүлэхгүй орхигдуулж байгаа зэрэг шалтгаан нөхцөл нөлөөлж байна гэж үзсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Цагдаагийн газарт аймгийн Прокурорын шаардлага хүргүүлж, хэсгийн байцаагч, хэсгийн төлөөлөгч нарт "Тэнсэгдсэн ялтанд тавих журам”-ын хүрээнд сургалт зохион байгуулжээ.