Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраасНалайх, Багахангай дүүргийн хэмжээнд тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялд хяналт тавьж буй байдал, Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан "Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”-ын хэрэгжилтийг Налайх дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст 2017 оны эхний улирлын байдлаар шалган дүгнэлт хийсэн байна. Шалгалтаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд хяналт тавих чиглэлээр Шийдвэр гүйцэтгэх болон цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа хангалтгүй, ялтны талаар мэдээлэл солилцдоггүйгээс цагдаагийн байгууллага тээврийн хэрэгсэл жолоодох, эрх хасах ялд хяналт тавих үүргээ биелүүлээгүй зэргээр "Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”-ын 1.8, 2.2 дахь заалтыг зөрчсөн зөрчил илэрчээ. Энэ зөрчлөөс шалтгаалан журмын 1.11 дахь хэсгийн "Ялтанд хяналт тавьж буй цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан /Замын цагдаагийн газар, алба, суманд хэсгийн төлөөлөгч/ нь улирал тутамд ялтны ял эдлэлтийн талаар хариуцсан харъяа шийдвэр гүйцэтгэх албанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.” гэсэн заалт зөрчигдөж, Цагдаагийн байгууллага нь харьяа шийдвэр гүйцэтгэх албанд ял эдлэлтийн талаар бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ талаар шаардлага тавиагүй нь тогтоогджээ. Мөн шийдвэр гүйцэтгэх байгууллага тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан ялтнуудын жолооны үнэмлэхийг ЦЕГ-ын лицензийн төвд тухай бүр хүргүүлж эрх хасах шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авч байгаа боловч ЦЕГ-ын лицензийн төвөөс хариу ирүүлж буй албан бичгүүдээс үзэхэд ялтны эрх хасагдсан шийдвэрийг тухай бүр жолоочийн бүртгэлийн TPS санд хүчингүй болгон бүртгэсэн талаар хариу ирүүлдэг, харин жолоодох эрхийн үнэмлэхийг хэрхэн шийдвэрлэж, хаана шилжүүлсэн талаар хариу ирүүлдэггүй, эрх олгосон баримтыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт ялтнуудын хувийн хэрэгт байхгүй зэрэг нь журмын 1.7, 1.12 дахь заалтыг зөрчсөн байжээ. Хэдийгээр журамд тусгагдаагүй боловч шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгэгдсэн ялтанд хувийн хэрэг нээж хяналтанд аваад, тухайн ялтан хяналтанд орсон талаар харьяа цагдаагийн байгууллагад тухай бүр мэдэгддэггүйгээс цагдаагийн байгууллага ялтанд хяналт тавих үүргээ биелүүлэхгүй байхад хүргэсэн зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Прокурор эдгээр зөрчлийн талаар хувийн хэрэг нэг бүрт тэмдэглэл хийж, биелэлтийг 2017 оны 5 дугаар сарын 14-ны дотор танилцуулах үүргийг шийдвэр гүйцэтгэх, цагдаагийн байгууллагын холбогдох албан тушаалтнуудад өгчээ. Харин шалгалтын дүнг дээрх 2 байгууллагын удирдлага, шийдвэр гүйцэтгэгч, ЗЦА-ны байцаагч нарт танилцуулан, журмын талаар сургалт зохион байгуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх, цагдаагийн байгууллагатай хамтран энэ төрлийн ялаар шийтгэгдэн хяналтанд байгаа ялтнуудад холбогдох журам, эрх үүргийн талаар яриа таниулга хийж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Налайх дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, цагдаагийн хэлтэст прокурорын шаардлага хүргүүлсэн байна. Шалгалтын явцад Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан "Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”-д шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгэгдсэн ялтанд хувийн хэрэг нээж, тухайн ялтан хяналтанд орсон талаар харьяа цагдаагийн байгууллагад тухай бүр бичгээр мэдэгдэж байх, улирал бүр ялтны ял эдлэлтийн талаар харилцан мэдээлэл солилцох заалт нэмж оруулах, энэ журмын 4.3 дахь хэсэгт ялтны улсын хилээр орох гарах эрхийг шийдвэр гүйцэтгэгч хязгаарлахаар тогтоосон заалтыг өөрчлөх зэрэг саналыг УЕПГазарт хүргүүлж, ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба