Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын урилгаар АНУ-ын Техасын их сургуулийн хуулийн сургуулийн профессор, шүүгч Жое Спурлок,шүүгч хуульч Мэттью Райт нар манай улсад хүрэлцэн ирж, энэ сарын 19-ны өдөр хүртэлх хугацаанд прокуроруудад сургалт явуулахаар болсон. АНУ-аас ирсэн шүүгч нарын сургалтын үйл ажиллагааг тухай бүрд нь бид мэдээлж байсан билээ. Тодруулж хэлбэл, хэдхэн хоногийн өмнө Архангай аймагт зохион байгуулсан 2 өдрийн сургалтанд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн прокурорууд оролцсон.Тэгвэл энэхүү сургалтын хоёр дахь хэсгийн сургалт өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газрын хурлын танхимд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрын прокурорууд оролцож байна. Шүүгч Жое Спурлок, шүүгч, хуульч Мэттью Райт нар манай улсад ирж прокуроруудад сургалт явуулах болсон шалтгааны талаар өмнөх мэдээллийг уншаагүй уншигчиддаа товчхон мэдээлэл хүргэе. 2016 оны 3 дугаар сард Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа, Эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг нар АНУ-ын Техас мужийн Их сургуулийн Хуулийн сургуульд зочилж,Улсын Ерөнхий прокурорын газар, Хуулийн сургуулийн хамтын ажиллагааны талаар санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд тус хуулийн сургуультай хамтран, Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад Үндсэн хууль, бусад хуульд заасны дагуу хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, Эрүүгийн хэргийг мөрдөх, шүүн таслах ажиллагааг мэтгэлцээний үндсэн дээр явуулах талаар сургалт хийх, Улсын Ерөнхий Прокурорын газрын санал болгосон сэдвээр хамтарсан судалгаа хийх зэрэг ажлыг зохион байгуулахаар ярилцаж тохиролцсон байна. Энэ ажлын хүрээнд АНУ-аас шүүгч нар ирж, "Шүүх хуралд улсын яллагчийн мэтгэлцэх аргачлал бөгөөд мөрдөн байцаах ажиллагаан дахь прокуроруудын оролцоо", "Нотлох баримт, дээж цуглуулах, хохирогч, гэрч, шинжээчийг шүүх хуралд бэлтгэх", "Эдийн засгийн гэмт хэргийн талаарх шинжээчийн дүгнэлт", "Эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн талаарх шинжээчийн дүгнэлт", "Зам тээвэр, ослын хэргийн талаар шинжээчийн дүгнэлт" "Талуудаас хүсэлт гаргах, шийдвэрлэх, хэргийг танилцуулах ач холбогдол" зэрэг сэдвээр прокуроруудыг сургалтад хамруулж байгаа юм.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба