ХОРИХ АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХОРИХ АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төв Аймгийн прокурорын газраас прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Хорих 403,415,417 дугаар ангийн дарга нарын хамтарсан зөвлөгөөнийг  Мөнгөнморьт сум дахь Хорих 417 дугаар анги дээр " Хүчирхийлэлгүй гэр бүлийн төлөө хамтдаа” уриан дор хийсэн байна. Зөвлөгөөнийг угтаж хорих анги  бүр 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг нийт албан хаагчид, ялтнуудын дунд сурталчлах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ял эдэлж буй хүмүүсийн  нас хүйс, ам бүл, ажил мэргэжил, боловсрол, өссөн орчин, найз нөхөд, гэрлэлтийн түүх, хувь хүний хүмүүжил, зан төрх, ахуй амьдрал, үйлддэг хүчирхийллийн хэлбэр зэргийг судлах, тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, дээрхи хуулийг сануулж баталгаа гаргуулах, гэр бүл судлаачаар яриа таниулга хийлгэх зэргээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон хэлбэрийн ажлыг зохион байгуулж  ажиллажээ. Мөн зөвлөгөөний үеэр  хорих ангиудад ял эдэлж байгаа ялтнуудын нэмэгдэл ял, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг барагдуулах талаар хийж буй ажил, үр дүн, цаашид хийх ажлын тухай Хорих ангиудын дарга нар мэдээлэл хийж,  хугацааны өмнө тэнсэн суллах, дэглэм бууруулах талаар ирүүлж байгаа хорих ангийн даргын  санал, тодорхойлолт, цаашид анхаарах зүйлийн талаар Төв аймгийн Прокурорын газрын туслах прокурор А.Аварзэд үүрэг даалгавар өгчээ. Зөвлөгөөнд оролцогчид "Хүчирхийлэлгүй гэр бүлийн төлөө хамтдаа” зурагт хуудас тарааж, Хорих 417 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцсан байна.  Төв аймгийн прокурорын газрын прокурорууд Хорих 417 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцсаныхаа Хорих 415 дугаар ангийн хүсэлтийн дагуу Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт ажилтнуудад "Албан хаагчид гэмт халдлага эрсдлээс өөрийгөө хамгаалах нь”, "Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс уьдчилан сэргийлэх тухай”, "Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эмийн хор уршиг, түүний сөрөг нөлөө”, "Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр  сургалт явуулжээ. Сургалтыг тус аймгийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор А.Аварзэд бэлтгэн явуулж, заасан сэдвийн хүрээнд нийт албан хаагчдаас тестээр шалгалт авч үр дүнг тооцсон байна. Мөн Хорих 415  ангид ял эдэлж байгаа нийт ялтнуудад гэмт хэрэг, сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялтнуудын хоорондын харилцаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байхын ач холбогдлын талаар яриа хийж тэдний сонирхсон асуултад хариулж, ярилцжээ.