“АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

A- A A+
“АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Баянгол дүүргийн прокурорын газраас дүүргийн ГХУСАЗСЗ-тэй хамтран "Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ. Зөвлөлдөх уулзалтанд тус дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг нийт 82 аж ахуйн нэгж, байгууллагын захирал, эрхлэгч, төлөөлөл болон иргэд оролцсон байна. Зөвлөлдөх уулзалтын хүрээнд тус дүүрэг дэх цагдаагийн 1, 2 дугаар хэлтсээс согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон судалгаа, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэргийн арга, сэдэлтийн талаар яриа таниулга хийжээ. Цагдаагийн байгууллагаас хийсэн яриа таниулгын дараа Баянгол дүүргйн прокурорын газраас "Согтууруулах ундаагаар үйлдчилдэг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг судалсан судалгаа”-ны дүн болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж, дээрх хуулиудыг сурталчилан таниулсан байна. Мөн энэ үеэр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтсээс тус дүүргийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн баримтлах журам, шаардлага, стандартанд нийцүүлж ажиллах талаар тус тус мэдээлэл хийж,  аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн санал хүсэлтийг сонсож, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх болон цаашид авах арга хэмжээний талаар санал асуулга бичгэн хэлбэрээр авчээ. Зөвлөлдөх уулзалтанд оролцогч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, иргэдээс согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, байгууллагаас удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг  цуцлахаас өмнө ажиллах цагийн хуваарийг багасгаж хязгаарлах, согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэх үйл ажиллагааны талаарх хууль тогтоомжийг нэгтгэсэн мэдээллийн сайт ажиллуулж шинээр батлагдсан дүрэм журам, стандартуудыг хийдэг байх зэрэг олон тооны  санал, хүсэлтийг гаргасан байна. "Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын албан хаагчид иргэд аж ахуйн нэгж байгууллагын санал хүсэлтийг биечлэн сонсож, зөвлөлдсөнөөр цаашид согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлуудыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой уулзалт боллоо гэдгийг оролцогчдын зүгээс дүгнэжээ.