ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРЫГ ХУУЛЬД ЗААСАН ШААРДЛАГА, СТАНДАРТАНД НИЙЦҮҮЛЭХЭД АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАНА ГЭВ

A- A A+
ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРЫГ ХУУЛЬД ЗААСАН  ШААРДЛАГА, СТАНДАРТАНД  НИЙЦҮҮЛЭХЭД АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАНА ГЭВ
Хан-Уул дүүргийн Прокурорын газар,  дүүргийн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран өчигдөр Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн  эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаа, орчин ахуйн нөхцөлтэй танилцжээ. Энэхүү үйл ажиллагаанд Хан-Уул  дүүргийн  прокурор Ц.Батболд, Дүүргийн ГХУСАЗЗ-ийн  дарга Б.Цэрэн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, хурандаа С.Хүрэлбаатар болон прокурорууд, цагдаагийн холбогдох албан тушаалтнууд мэргэжлийн хяналтын улсын байцаагч, хэвлэл мэдээллийнхэн  оролцсон байна. Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн одоо ашиглаж буй эрүүлжүүлэх байрны барилга нь 1985 онд ашиглалтад орсон, 2016 онд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр урсгал засвар хийгджээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын  дүгнэлтээр тус эрүүлжүүлэх байр нь ахуйн нөхцлийн хувьд байгалийн гэрэлтүүлэггүй, агааржуулалтын системгүй, цагдаагийн хэлтсийн подвальд байрласан зэрэг эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй, саатуулагдсан этгээдийг хооллох, усанд оруулах болон эмчийн үзлэг хяналтанд хамруулах боломжгүй байгаа нь  хууль, журамд заасан шаардлагуудыг хангаагүй байранд иргэдийг саатуулж иргэний эрхийг ноцтой зөрчиж байгаа зэрэг  нөхцөл байдалтай  дүүргийн удирдлагууд газар дээр нь танилцсан байна. Эрүүлжүүлэх байрыг хуульд заасан шаардлага, стандартанд  нийцүүлж хүний эрх чөлөөг ханган ажиллахад  Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс холбогдох арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөжээ.