ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭХЭД ХУУЛЬ САХИУЛАХ, ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛТНЫ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ 23 ХОНОГ ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

A- A A+
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭХЭД ХУУЛЬ САХИУЛАХ, ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛТНЫ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ 23 ХОНОГ ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

 

Олон улсын эрхзүйн хөгжлийн байгууллага (IDLO,Италийн Ром хотноо төвтэй Засгийн газар хоорондын байгуулага) нь Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсаны үндсэн дээр "Монгол Улс дахь жендерт суурилсан хучирхийлэлтэй тэмцэх: хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийг 2-дахь жилдээ хэрэгжүүлж ажиллаж байгаа юм байна. Төслийн зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд шүүх болон хууль хэрэгжүүлэх байгууллагуудын уялдаа холбоог хангаж, энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд ажилтнуудад зөв хандлагыг төлөвшүүлэх, чадавхийг бэхжүүлэхэд оршижээ. Төслийн эхний шатанд салбар хоорондын зохицуулалтыг тусгасан сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулсан бөгөөд тун удахгүй алба хаагчдын гар дээр очих юм байна. Төслийн 2-дахь шатанд бэлтгэгдсэн 25 сургагч-багш нар боловсруулсан гарын авлагынхаа хүрээнд ЦЕГ, УЕПГ, ШЕЗ, ШШГЕГ-ын алба хаагчид, түүнчлэн Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч, Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орон нутаг дахь салбарын төлөөллийг хамруулан сургалтыг энэ сарын 8-31-ний өдрийг хүртэл 23 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Сургалтад Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган аймгийн 130 гаруй алба хаагчид хамрагджээ. Сургалтад оролцогчдод сертификат гардуулах үйл ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, тамгын газрын дарга Ц.Арвинбуудай оролцож, ажлын амжилт хүссэн юм. Нэмэлт мэдээллийг хүргэхэд энэ төслийг АНУ-ын Төрийн департаментийн дэргэдэх Олон улсын Мансууруулах бодис, хууль хэрэгжилтийн асуудал эрхэлсэн Товчооноос санхүүжүүлж байгаа юм байна.