ЭРДЭНЭБҮРЭН СУМАНД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ЭРДЭНЭБҮРЭН СУМАНД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН  СЭРГИЙЛЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Ховд аймгийн прокурорын газраас санаачлан тус аймгийн Эрдэнэбүрэн суманд хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, прокурор болон бусад хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх өдөрлөгийг зохион байгуулжээ. Өдөрлөгт Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шүүхийн шинжилгээний алба, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төлөөлөлүүд болон Эрдэнэбүрэн, Ховд, Дуут, Буянт, Мянгад, Дөргөн сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид, иргэдээс бүрдсэн 200 гаруй хүн оролцсон байна. Өдөрлөгийн үеэр Прокурорын газраас аймгийн болон Эрдэнэбүрэн, Ховд, Мянгад, Дөргөн, Буянт, Дуут сумдын 2017 оны эхний 5 сарын эрүүгийн нөхцөл байдал, шинэчлэн батлагдсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний хуулийн талаар тус тус мэдээлэл өгч, иргэдэд хууль сурталчлах, тараах материалыг тарааж ажилласан бол бусад оролцогч байгууллагуудын зүгээс өөрийн байгууллагын хийсэн ажлын талаар товч мэдээлэл өгчээ. Түүнчлэн оролцогч сумдын төлөөлөгчдийн дунд хөгжөөнт танин мэдэхүйн урьдчилан бэлтгэсэн асуултын дагуу "АХА” тэмцээнийг зохион байгуулсан бол өдөрлөгийн удирдамжийн дагуу "Эссэ” бичлэгийн уралдаан болон "Дэвжээ” тэмцээнүүдийг зохион байгуулсан байна. "АХА” тэмцээнд тэргүүн байрыг Буянт сумаас оролцсон А.Алтанхуяг, дэд байрыг Дөргөн сумаас оролцсон С.Дэжид эзэлсэн бол шинэчлэн батлагдсан  хуулиуд болон бусад хууль тогтоомжийг иргэдэд сурталчилах  чиглэлээр зохион байгуулсан "Дэвжээ” тэмцээнд Дуут сумын "Хууль сахиулагчид” баг 81 оноогоор, Дөргөн сумын "Оршихуй эс оршихуй” баг 80 оноогоор, Ховд сумын "Залуус” баг 76 оноогоор эхний 3 байрыг эзэллэсэн бөгөөд 1, 2, 3 дугаар байр эзэлсэн багуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан бол 4, 5 дугаар байр эзэлсэн Эрдэнэбүрэн сумын "Монгол Улсын төлөө зүтгэе”, Буянт сумын "Арга билэг” багуудад батламж гардуулжээ. Харин сум бүр урьдчилан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд удирдамжид заагдсан сэдвүүдээс сонгож "Эссэ” бичлэгийн уралдаан явуулж, тухайн сумаас шалгарсан 1 сурагчийн шалгарсан "Эссэ”-гээр өдөрлөгийн арга хэмжээн дээр илтгэл тавиулан, шүүгчид сэдвийн агуулга, илтгэл тавьсан байдал зэргийг харгалзан шүүсэн бөгөөд "Эссэ” бичлэгийн уралдаанд Ховд сумаас оролцсон А.Бахытгүль тэргүүн байр эзэлсэн бол дэд байрыг Дуут сумаас оролцсон М.Дэвээжаргал эзэлсэн байна.