Гэмт хэргийн ангилалаар нь авч үзвэл 98 хэрэг буюу 48,2 хувь нь хөнгөн гэмт хэрэг, 89 буюу 43,8 хувь нь хүндэвтэр гэмт хэрэг, 14 хэрэг буюу 6,8 хувь нь хүнд гэмт хэрэг, 2 буюу 0,9 хувь нь онц хүнд гэмт хэрэг эзэлж байх бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хөнгөн хэрэг 12 хэргээр буюу 12,2 хувиар өссөн, хүндэвтэр гэмт хэрэг 9 хэргээр буюу 3,1 хувиар буурсан бол хүнд ангиллын хэрэг 8 хэргээр буюу 67,1 хувиар өссөн, онц хүнд хэрэг 2 хэргээр буюу 50 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Шүүхээс 16 хүнд хорих ял, 11 хүнд баривчлах ял, 27 хүний хорих ялыг тэнсэж, 4 хүний хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, торгох ялаар 4 хүнийг, 4 хүнийг албадан ажил хийлгэх ялаар, 3 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Судалгаагаар тус аймгийн Богд сумын нутаг дэвсгэрт 6 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оноос 100 хувиар, Баацагаан сумын нутаг дэвсгэрт нийт 10 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оноос 4 хэргээр буюу 40 хувиар, Баянхонгор сумын багуудад үйлдэгдсэн хэргийн тухайд ерөнхийдөө гэмт хэргийн гаралт буурсан байгаа хэдий ч Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралт 11 хэргээр буюу 26,1 хувиар тус тус өссөн байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг судлахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх, хулгайлах төрлийн гэмт хэргүүд болон хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг өссөн байгаа нь иргэдээс амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гэмт этгээдүүдийн үг, хэл үйлдэлд хууртагдах, өмч хөрөнгөө хамгаалах үүрэгтээ хайнга ханддаг, мөн ах дүү, төрөл садангийн хооронд малын бэлчээр, мал, эд хөрөнгөний маргаанаас үүдэлтэйгээр гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ. Тиймээс судалгааны дүнд үндэслэж, 2017 онд гэмт хэргийн гаралтын байдал өмнөх оноос эрс өссөн Богд, Баацагаан сум болон Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тодорхой ажил зохиолгохоор прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна. Түүнээс гадна Баянхонгор аймгийн прокурорын газраас энэ сарын 27-30-ний өдрийн хооронд Баянхонгор сумын 9 дүгээр багийн иргэдэд болон төрийн байгууллагын алба хаагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулахаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба