ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА, ТУСЛАХ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН 3 ӨДРИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
ТАМГЫН ХЭЛТСИЙН ДАРГА, ТУСЛАХ  АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН 3 ӨДРИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Улсын Их хурлаар шинэчлэн батлагдсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хууль хяналтын байгууллагын албан хаагчид хуулийн талаарх ойлголт мэдэгдэхүүнээ дээшлүүлэх үүднээс сургалтад хамрагдаж байгаа талаарх мэдээллийг өмнө бид хүргэж байсан. Харин одоо дээр дурсан хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан прокурорын байгууллагын тамгын хэлтсийн дарга нар болоод туслах ажилтнуудад зориулсан сургалт үргэлжилж байна. Тодруулж хэлбэл, өнөөдөр өглөө  Нийслэлийн прокурорын газрын хурлын танхимд дүүргийн прокурорын газруудын Тамгын хэлтсийн дарга болоод туслах ажилтнуудад зориулсан 3 өдрийн сургалт эхэллээ.  Сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн судлаач, багш нар зохион байгуулж явуулж байгаа бөгөөд сургалтад нийт 99 хүн хамрагджээ. Сургалтыг нээж, эхний цагийн хичээлийг Сүхбаатар дүүргийн прокурорын орлогч прокурор Ц.Хашбаатар удирдан явуулсан юм. Тэрээр  "Эрүүгийн хууль үйлчлэх зарчим, үндэслэл, Гэмт хэргийн тухай ойлголт, түүний хөөн хэлэлцэх хугацаа, Гэм хэрэг хамтран үйлдэх 1-3 дугаар бүлэг" гэсэн сэдвээр сургалт явууллаа. Гурван өдөр үргэлжлэх сургалтад Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналтын прокурор Т.Мөнхбаяр, Ц.Насанбат, П.Батболд, О.Мөнхбаатар, О.Гэрэл, Х.Батчимэг, Г.Оюунбаяр, Нийслэлийн прокурорын орлогч прокурор Ж.Ариунаа, Сургалт судалгааны төвийн судлаач, сургагч багш, доктор Б.Өнөрмаа, сургагч багш Г.Оюунболд нар шинээр батлагдсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн талаар дүүргийн прокурорын газруудын Тамгын хэлтсийн дарга нар болоод туслах ажилтнуудад хичээлийг заах юм байна.